Ачаалал ихтэй 10 чиглэлд автобусны хүртээмжийг нэмэгдүүллээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнөөр зарим асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж, зорчигчдын хүлээлгийн хугацааг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй ажлуудыг Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Г.Билгүүн танилцууллаа. Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэж байна. 2026 оны эхний гурван улиралд 134.3 сая зорчилт бүртгэгджээ. Зорчигчдын ачаалал ихтэй 10 чиглэлд 20 автобус нэмж, зорчигч урсгал зургаан хувиар өсөж, хүлээлгийн хугацаа таван минутаар, санал гомдол есөн хувиар буурчээ. Аравдугаар сард 105 чиглэлийн 189 автобусанд богино эргэлтийн зохицуулалт хийсэн байна.

Нийтийн тээврийн хүртээмж багатай 16 суурьшлын бүсийг судалж, зургаан шинэ чиглэл нээх, таван чиглэлд дунд багтаамжийн автобус үйлчлүүлэх, дөрвөн чиглэлийн гаралтыг нэмэгдүүлэхэд нийт 46 автобус хуваарилахаар төлөвлөжээ. Парк шинэчлэлийн хүрээнд их багтаамжийн 60 цахилгаан автобус, дунд багтаамжийн 46 автобус, сургуулийн 50 автобус нэвтрүүлнэ. Сургуулийн автобусны үйлчилгээг өргөжүүлж, өдөрт тээвэрлэх сурагчдын тоо 5000 байсныг 9000 болгохоор зорьж байна.

“Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөц бүрдүүллээ

“Тавантолгой түлш” ХХК 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд хагас коксон түлшний татан авалт, тээвэрлэлт, борлуулалт, чанарын хяналтыг нэмэгдүүлж байна. Энэ өвөл 280 мянган тонн хагас коксон түлш татан авахаар төлөвлөсөн. Нийслэлийн 182.5 мянган өрхийг түлшээр хангах 26 агуулах, 448 борлуулалтын цэг, 38 компанийн 239 тээврийн хэрэгслийг ажиллуулж байна. Арваннэгдүгээр сарын 15-ны байдлаар нийт 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна. Үүнээс хагас коксон түлш 51,145 тонныг эзэлж байна. “Хотула” аппликейшн хэрэглэгчийн тоо 182,572 болж нэмэгджээ.

Нийслэлийн 7000 өрхийг дулаалж, цахилгаан халаалтад шилжүүлнэ

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2026-2027 оны халаалтын улиралд гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан болон сэргээгдэх эрчим хүчний халаалтад шилжүүлэх, дулааны эх үүсвэрийг шинэчлэх ажлуудыг хийж байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 51 хувийг гэр хороолол, 31 хувийг автомашин, 18 хувийг бусад эх үүсвэр бүрдүүлж байна. Нийслэлд гэр хорооллын 161,368, автомашины 801,592 яндан бүртгэлтэй байна.

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран гэр хорооллын 7000 өрхийг дулаалж, цахилгаан халаалтад шилжүүлэхээр төлөвлөсөн. Тодруулбал, 2000 өрхөд энгийн цахилгаан халаагуур, 4000 өрхөд дулаан нөөцлүүртэй халаагуур, 1000 өрхөд дулааны насос суурилуулна.

Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Сонгинохайрхан дүүргийн Баруунсалаа, Зүүнсалаанд нийт 2.4 МВт хүчин чадалтай гурван бичил цахилгаан сүлжээ байгуулж, 800 өрхийг цахилгаан халаалтад шилжүүлэх төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулжээ. Швейцар улсын санхүүжилтээр 750, Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар 303 өрхийг сэргээгдэх эрчим хүчний халаалтад шилжүүлэх төсөл хэрэгжиж байгааг нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар хэллээ.

avtobus 4

awtobus 2

awtobus 3

avtobus 4

awtobus 2

awtobus 3

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн удирдах ажилтнуудад дараах үүрэг даалгаврыг өглөө.

  1. Нийслэлийн 2026 оны төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулан байгууллагууд төсөвт тусгагдсан ажил, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх,
  2. Нийслэлийн 2027 оны төсвийн төсөл боловсруулах бэлтгэл ажлыг сайтар хангаж, Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах,
  3. Өвлийн оргил ачааллын үед цахилгаан, дулаан хангамжийн найдвартай ажиллагааг хангах үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж, илэрсэн зөрчил, гэмтлийг шуурхай арилгах,
  4. Хот тохижилтын байгууллагуудын бэлэн байдлыг хангаж, гол гудамж, зам, өгсүүр, уруу хэсэг болон гэр хороолол, зуслангийн бүсэд цас, мөсний цэвэрлэгээ, халтиргаа, гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах,
  5. Иргэдийг түлшээр тасралтгүй хангах,
  6. Замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулж, оргил ачааллын үед нийтийн тээврийн автобусны хүртээмж, гаралтыг нэмэгдүүлэх, автобусны нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлж, саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх,
  7. Дүүргүүд харьяалах нутаг дэвсгэртээ үүсэж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлж ажиллах,
  8. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх зарим ажлын талаар тус тус үүрэг болголоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ