Монголын сийлбэрчид Испанид болсон олон улсын тэмцээнээс алтан медаль хүртлээ

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, мөсөн сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Доржнамжил нар Испанийн Мадрид мужийн Торрехон-де-Ардос хотод зохион байгуулагдсан олон улсын мөсөн сийлбэрийн тав дахь удаагийн тэмцээнд тэргүүн байр эзэлж, алтан медаль хүртжээ.

Тэд “Тэнгисийн үнсэлт” нэртэй бүтээлээрээ 14 орны 22 уран бүтээлч, 10 баг өрсөлдсөн тус тэмцээний ялагчаар тодорсон байна.

Тодруулбал арваннэгдүгээр сарын 7-13-ны өдрүүдэд үргэлжилсэн тэмцээний энэ жилийн сэдэв нь далайн амьтад, усан доорх ертөнц болон домгийн амьтад байжээ. Багууд тус бүр 125 кг жинтэй 25 ширхэг мөсөн блокоор долоон өдрийн турш бүтээлээ урлаж, ялагчдыг арваннэгдүгээр сарын 14-нд тодруулсан байна.

Монголын мөсөн сийлбэрчид энэхүү тэмцээнд өмнө нь ч амжилттай оролцож байв. Тухайлбал, 2024 онд болсон гурав дахь удаагийн тэмцээнд “Алиса: Гайхамшигт аялал” бүтээлээрээ тэргүүн байр эзлэхийн зэрэгцээ үзэгчдийн шагналыг хүртэж байсан юм.

Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Доржнамжил нар Монголын Мөсөн баримлын үндэсний холбооны гишүүд бөгөөд Хятад, АНУ, Швед, Латви зэрэг улсын олон улсын тэмцээн, наадмаас шагнал хүртэж байсан туршлагатай уран бүтээлчид юм.

Түүнчлэн Ц.Мөнх-Эрдэнэ 2019 онд Шведийн Кальмар хотод болсон олон улсын элсэн баримлын уралдаанд түрүүлж, дэлхийн мөсөн сийлбэрчдийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ