“ОЮУ ТОЛГОЙ” ХХК 2027 ОНООС НОГДОЛ АШИГ ОЛГОНО ГЭДГЭЭ ЗАХИДЛААР МЭДЭГДЛЭЭ
Засгийн газрын өнөөдрийн /2026.11.11/ ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг салбарын сайд нар танилцууллаа.
Сангийн сайд З.МЭНДСАЙХАН:
-Оюутолгой төслөөс монголчуудад ногдол ашиг олгохыг бататган хэлсэн. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас 2027 оны төсвийг өргөн барихдаа гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авахаар төлөвлөсөн. Хэлэлцүүлэг болон иргэдээс авсан санал асуулгын хүрээнд уг хөрөнгийг Хуримтлалын санд авах буюу одоо мөрдөгдөж байгаа Баялгийн санд хуримтлал хэлбэрээр үлдээх нь зөв гэж иргэд үзсэн учраас Засгийн газар хуулийн төслөө татан авсан. Энэ асуудлын хүрээнд миний бие ногдол ашиг авах ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Хувь нийлүүлэгчтэй хийсэн хэлэлцээрийн үр дүнд "Рио Тинто" болон "Оюу Толгой" компаниас захидал ирсэн. Уг захидал нууцлалын зэрэглэлтэй учир агуулгыг нь дурдах нь зүйтэй байх. Хоёр талын гэрээг сайжруулах, Монголын иргэдэд хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд Засгийн газартай хамтран ажиллаж байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн.
Монгол Улсын Ерөнхий сайд болон "Рио Тинто" группын захирал уулзах үеэрээ ногдол ашиг олгох талаар хоёр тал харилцан ойлголцсон.
Энэ хүрээнд Засгийн газраас 2027 онд "Оюу Толгой" ХХК-аас гурван их наяд төгрөг авахаар төлөвлөсний дагуу "Рио Тинто" төлөвлөгөө гарган ажиллаж байна. Төлөвлөсөн мөнгө нь "Оюу Толгой" компаниас Монгол Улсад төлөх татвар, ашигт малтмал ашигласны төлбөр болон бусад хураамж, төвлөрүүлэх татвараас тусдаа дүн гэдгийг бататгаж ирүүлсэн.
Энэхүү асуудлын хүрээнд гурван үе шаттай төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Уг төлөвлөгөөг удахгүй ажлын хэсэгт танилцуулна гэж мэдэгдсэн. Иргэдийн дунд нэгэн асуудал хөндөгдөж байсан. Тодруулбал, "Оюу Толгой" болон "Рио Тинто"-гоос ногдол ашиг олгохоо илэрхийлсэн албан бичиг, баримт байгаа эсэхийг тодруулж байсан юм.
Үүнд тайлбар өгөхөд "ОюуТолгой болон "Рио Тинто" группээс ногдол ашиг олгох тухай албан бичгийг албан ёсоор ирүүлсэн.
Цаашид ногдол ашиг авах ажлын хэсэг ямар үе шаттайгаар, хэрхэн ажиллах төлөвлөгөөнд үндэслэн ногдол ашгийг авах ажил үлдэж байна. Ийнхүү ногдол ашиг олгох асуудлыг албан ёсоор баталгаажуулсан гэдгийг хэлж байна.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.ИДЭРБАТ:
-Монгол Улсын Засгийн газраас хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа газар тариалангийн чиглэлээр олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үүний нэг нь захиалгат газар тариалангийн эхлэлийг тавьсан явдал юм. Энэхүү үйл ажиллагааны үр дүн ирэх 2027 онд гарна гэж үзэж байна. Учир нь газар тариалангийн салбарт тариалсан ургамал, буудай болон хүнсний ногоог зах зээлд борлуулахад төрийн зүгээс тодорхой зохицуулалт хийдэг. Энэ нь хүнсний нөөц бүрдүүлэхээс гадна үнийн хөөрөгдлийг зохицуулах боломж бүрдүүлж байгаагаараа онцлог юм. Мөн хөдөө аж ахуйн салбарын томоохон чиглэл болох мал аж ахуйн асуудалд анхаарч байна. Энэ хүрээнд "Шинэ цагийн малчин" аяныг холбогдох яамд хамтран зохион байгуулахаар шийдвэрлэсэн. "Шинэ цагийн малчин" гэдэг нь нүүдлийн соёл иргэншилтэй монголчуудын хувьд онцгой ач холбогдолтой ойлголт юм. Учир нь бэлчээрийн мал аж ахуй дэлхийд цөөн үлдсэн уламжлалт аж ахуйн нэг хэлбэр болж байна.
Олон зууны турш уламжлагдан хадгалагдаж ирсэн нүүдлийн соёл иргэншлээ бид бүхэн хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээхээс гадна энэхүү соёл иргэншлийг тээн яваа малчдынхаа асуудалд Засгийн газар онцгойлон анхаарч ажиллаж байна.
Үүнтэй холбогдуулан Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Эрүүл мэндийн яам, Боловсролын яам болон бусад салбарын яамд малчдын асуудалд онцгой анхаарал хандуулж байна. Энэ хүрээнд зургаан асуудлыг голчлон авч үзэж байгаа юм. Тодруулбал, нэгдүгээрт, малын гаралтай түүхий эдийг экспортын зах зээлд гаргах, экспортыг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байна. Үүнтэй холбогдуулан хадгалалт, тээвэрлэлт зэрэг олон асуудалд анхаарлаа хандуулахаар болсон. Малын махыг экспортод гаргахад Засгийн газар болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ямар нэгэн хориг тавиагүй болно. Нөгөө талаас экспортын чиг баримжааг зөвхөн малын махаар хязгаарлахгүйгээр малын гаралтай дайвар бүтээгдэхүүн, түүхий эд болох арьс шир, ноос, ноолуурын экспортод анхаарч ажиллахаар төлөвлөсөн.
Өнгөрсөн хугацаанд ОХУ болон Беларус улсад ажиллах үеэр арьс ширийг худалдан авахад бэлэн гэдгээ илэрхийлж байсан. Мөн ОХУ-ын зүгээс манай улсаас мах худалдан авахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Харин тэдний зүгээс тавьж буй гол шаардлага нь мал эмнэлгийн асуудлыг бүрэн шийдвэрлэх явдал юм.
Хоёрдугаарт, иргэдийн зүгээс арьс, шир үнэгүйдэж байна гэж шүүмжилж байгаа боловч арьс, ширийг үнэгүйдүүлэхгүй байх боломж бий гэдгийг хэлмээр байна. "Цагаан алт" үндэсний хөтөлбөрийн хүрээнд хоногт 3,000 үхрийн шир боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулагдсан. Үүнээс харахад бидэнд малын гаралтай түүхий эдийг бэлтгэн нийлүүлэх, хадгалах, борлуулах сүлжээг өргөжүүлэх боломж байна. Гуравдугаарт, малын ашиг шимийг сайжруулах асуудалд онцгой анхаарч байна. Өнгөрсөн долоо хоногт Малын удмын сангийн үндэсний төвд очиж ажилласан. Тус байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байсан. Энэ асуудлын хүрээнд яамнаас онцгой анхаарч, өр, авлагын асуудлыг цэгцлэхээс гадна Монгол Улсад бүртгэлтэй 60 гаруй малын удмын санг хамгаалж, хадгалах, Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн эцэг малын асуудлыг тодорхой хэмжээнд шийдвэрлэх, малын үүлдэр угсаа болон ашиг шимийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Дөрөвдүгээрт, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний асуудал байна. Энэ хүрээнд малын гаралтай өвчний тандалт, вакцинжуулалт, тарилгатай холбоотой асуудалд анхаарч, хууль эрх зүйн өөрчлөлт хийхээр төлөвлөсөн.
Энэ салбарт хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа 1,000 гаруй эмч, 700 гаруй аж ахуйн нэгжид олгогдох ёстой санхүүжилт хугацаандаа олгогдоогүйгээс өнөөдрийг хүрсэн байна.
Тиймээс 2026 оны төсвийн тодотголд мал эмнэлгийн салбарт олгох ёстой санхүүжилтийг тусгаж, энэ онд багтаан шийдвэрлэхээр ажиллаж байна. Мөн гадаадын улс орнуудаас худалдан авч байгаа зарим вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд анхаарч байна. Түүнчлэн Монгол Улсад цорын ганц үйл ажиллагаа явуулж байгаа Био кабинетын асуудлыг анхаарч, тоног төхөөрөмж, боловсон хүчний цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна.
Олон улсад мал эмнэлгийн салбарт онцгой анхаарал хандуулж, хөрөнгө оруулалт хийж, бодлогын дэмжлэг үзүүлдэг.
Тавдугаарт, бэлчээрийн даацад нийцүүлэн мал сүргийн зохистой харьцааг бүрдүүлэх нь чухал байна. Нэг малаас хүртэх ашиг шимийг нэмэгдүүлэх хүрээнд энэ асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр ажиллаж байна.
Малчдын хувьд малынхаа ашиг шимийг нэмэгдүүлэхийн тулд зөвхөн бэлчээрт түшиглэх бус, өвлийн хадлангаас гадна нэмэлт болон уурагт тэжээл тариалж, малын тэжээлийн хангамжийг сайжруулах зорилт тавьж байна. Тариалсан тэжээлээрээ ямар төрлийн малыг хэрхэн тэжээх, зах зээлд хэрхэн борлуулах зэрэг асуудлаар салбарын яамнаас зөвлөмж, чиглэл өгөх болно.
Жил бүрийн арваннэгдүгээр сарын 20-ны орчимд нийслэл болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран "Өвлийн идэш" өдөрлөг зохион байгуулдаг. Энэ хүрээнд махыг ямар нэгэн нэмэгдэлгүйгээр, орон нутгийн болон "Дэнжийн мянга" захад борлуулагдаж буй үнээр буюу хонины махыг 18-19 мянга, үхрийн махыг 20-22 мянган төгрөгөөр хэрэглэгчдэд хүргэх зорилготой. Зарим иргэний хувьд тухайн үед бэлэн мөнгөний боломж хомс байж болзошгүй. Тиймээс хүсвэл аппликейшн ашиглан төлбөрөө хуваан төлөх боломж олгох санааг товч дурдсан маань буруу ойлголт төрүүлсэн байж болзошгүй тул хүлцэл өчье.
Энэ нь бүх хүнд зээл олгох тухай асуудал биш юм. Иргэд махаа бүтнээр нь болон хагаслан худалдан авах боломжтой. Хавар махны нийлүүлэлт багасаж, үнэ өсөхөөс өмнө хэрэглэгчдэд өвлийн хүнсээ урьдчилан бэлтгэх боломж олгох нь гол зорилго юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.ТЭМҮҮЛЭН
– Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Одоогийн хуулиар зургаан субъектийг хамгаалахаар тусгасан бол шинэчилсэн найруулгын төсөлд нэмж есөн субъектийг хамгаалахаар тусгажээ. Тодруулбал, гэрч, хохирогчоос гадна сэжигтэн, яллагдагч, өмгөөлөгч, шинжээч, шүүгч, прокурор, мөрдөгч, шүгэл үлээсэн хувь хүн болон хохирогчийн гэр бүлийн гишүүдийг хамгаалахаар тусгасан байна.
“Шүгэл үлээгч мэдээллээ баримт, эх сурвалж, шалгаж тогтоох боломжтой нөхцөлд тулгуурлан гаргасан бөгөөд тухайн үедээ үнэн гэж үзэх хангалттай үндэслэлтэй байсан бол мэдээлэл гаргасных нь төлөө иргэний, захиргааны болон сахилгын хариуцлага хүлээлгэхгүй. Шүгэл үлээгч болон түүний хамаарал бүхий этгээдийн амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол хамгаалалтын арга хэмжээг нэн даруй авна” гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн мэдээллээ.
Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн төсөл нь нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан, эсхүл учруулж болзошгүй нөхцөл байдлын талаар мэдээлсэн хүн, хуулийн этгээдийг дэмжих, мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах, дарамт, өс хонзон, ялгаварлан гадуурхалт болон эрх зүйн байдлыг дордуулах үйлдлээс хамгаалах харилцааг зохицуулна. Төсөл 26 зүйлтэй бөгөөд шүгэл үлээх, мэдээлэх сувгууд, хамгаалалтын баталгаа, нөхөн төлбөр, урамшуулал, санхүүжилт, хариуцлагыг хамарна.
Мөн дагалдуулан Гэрч, хохирогчийг хамгаалах тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулна.
Хуулийн төсөл батлагдсанаар, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, иргэдийн эрх зөрчигдөхөөс сэргийлэх, төрийн үйл ажиллагаанд итгэх олон нийтийн итгэл нэмэгдэнэ. Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн, авлигаас ангижирсан улс болох зорилтдоо хүрэх, олон улс дахь авлигын индексийн үзүүлэлтэд эергээр нөлөөлнө гэж үзлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ