"Сураггүй болсон иргэний хэрэгт нэг хүнийг сэжигтнээр татан шалгаж байна"

Сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд нэг сураггүй алга болсон иргэний хэрэгт нэг хүнийг сэжигтнээр татан шалгаж байгаа ажээ.


Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудалд Цагдаагийн байгууллагаас өнөөдөр /2026.11.11/ мэдээлэл өглөө.

Тодруулбал, Иргэн О-ын ээж, "манай охин энэ сарын 13-нд ажлаасаа гарч яваад өнөөдрийг хүртэл ирэхгүй байна" гэх дуудлага мэдээллийг энэ сарын 22-нд цагдаагийн байгууллагад мэдээлсэн байна. Улмаар цагдаагийн байгууллагаас эрэн хайх, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа бөгөөд одоог хүртэл сураг гараагүй байгаа аж. Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн О есдүгээр сарын 13-нд өөрийн ажлын газар болох Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын харьяа спорт цогцолбороос 18:00 цагийн үед гарч явсныг тогтоосон байна. Түүний байгаа газрыг олж тогтоохоор үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд уг хэрэгт холбогдуулан нэг иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, үргэлжлүүлэн шалгаж байгаа ажээ.

Мөн Дорнод аймгийн Баяндун суманд иргэн Ш энэ сарын 3-нд сураггүй алга болсон гэх дуудлага мэдээлэл энэ сарын 8-нд цагдаагийн байгууллагад ирсэн байна. Тухайн иргэнийг албаныхан 23 хоног эрэн хайсан бөгөөд уг хэрэгт  цагдаагийн тэргүүн дэд даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэж Эрүүгийн цагдаагийн албаны эрэн сурвалжлах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Очгэрэл хэлэв.

Мөн Увс аймагт иргэн А аравдугаар сарын 15-нд сураггүй алга болсон байна. Тухайн иргэнийг албаныхан 14 хоног эрэн хайсан бөгөөд ар гэрийнхний хүсэлтээр аравдугаар сарын 29-нд эрэн хайх ажиллагааг түр зогсоосон боловч энэ сарын 10-наас эхлэн эрэн хайх ажиллагааг дахин үргэлжлүүлж байгаа ажээ.

Иргэн А-ын ар гэрээс энэ сарын 30-нд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн байна. Тодруулбал, аравдугаар сарын 29-нд иргэн А Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах  гэрээсээ гараад ирэхгүй байна гэх мэдээллийг ар гэрийнхнийх нь зүгээс энэ сарын 30-нд цагдаагийн байгууллагад ирүүлсэн байна.

Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас эрэн хайх ажлыг эхлүүлсэн байна. Энэ талаар БЗД-ийн цагдаагийн I хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө. Тэрбээр, "Баянзүрх дүүргийн хэмжээнд 19 мянган камер ажилладаг.  Сураггүй болсон иргэний явсан чиглэлд 269 камерийг шалгасан. Камерийн шалгалтаар тухайн иргэнийг 2,6 км явсан гэдгийг тогтоосон.

Ингэхэд хамгийн сүүлд Чухаг хотхоноос гараад зүүн тийш шинэ 100 айл чиглэлд камерт өртсөн байна.

Тухайн замын урд талаар явсан учир түүнээс цааш задгай талбай учраас камергүй бүс рүү орсон. Тиймээс тухайн газарт байсан машины эздээс гэрчийн мэдүүлэг авч ажиллаж байна. Мөн алга болсон цэгээс урагш задгай талбай буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Улиастайн гүүр, голын ай сав дагуу өнөөдрийн байдлаар таван удаагийн давтамжтайгаар, давхардсан тоогоор 1150 алба хаагчийн хүчээр самналт хийлээ. Тодруулбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Сонсголонгийн гүүр хүртэл, мөн урагшаа Туул гол хүртэлх талбайд самналт хийсэн. Өнөөдөр л гэхэд 504 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Улиастайн гүүр хүртэл, мөн буцах чиглэлд самналтын ажлыг гүйцэтгэлээ.

Мөн тухайн орчмоор дамжин өнгөрсөн жолооч нартай цагдаагийн байгууллагаас холбогдон уулзаж, мэдүүлэг авч буй тул иргэд зөвөөр ойлгон хамтран ажиллахыг хүсье. Мөн 10 дугаар сарын 30-ны өдрийн 00:00 цагаас хойш Баянзүрх дүүргийн ‘Шинэ 100 айл’-аас зүүн тийш чиглэлд зорчсон автомашины жолооч нар цагдаагийн байгууллагад ирж мэдээлэл өгөхийг уриалж байна. Хэрэгт ач холбогдолтой мэдээллийг цагдаагийн байгууллага журмын дагуу үнэлж авна" гэв.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энэ 7 хоногт Монгол Улсад
Уржигдар 07 цаг 20 мин

Энэ 7 хоногт Монгол Улсад
Уржигдар 07 цаг 20 мин