The MongolZ «IEM Beijing 2026» тэмцээний Гранд Финалд MOUZ багийг барсангүй
Бээжин хотноо зохион байгуулагдсан цахим спортын Counter-Strike 2 төрлийн дэлхийн топ зэрэглэлийн «IEM Beijing 2026» тэмцээний Гранд Финалд Монгол Улсын The MongolZ баг Европын хүчирхэг MOUZ багийн эсрэг "Best of 5" форматаар ширүүн тулаан хийж, харамсалтай ялагдал хүлээлээ. Ингэснээр MOUZ баг тэмцээний аваргаар тодорч 360,000 ам.долларын эзэн болсон бол манай The MongolZ баг дэд байрт шалгарч, 210,000 ам.долларын шагналыг эх орондоо авчрахаар болов.
Хоёр багийн тоглолт мап сонголтын (Veto) тулаанаар эхэлсэн бөгөөд Anubis мапыг хоёр тал харилцан хассан юм. Цувралын эхний мапаар MOUZ багийн сонголт болох Mirage мап гарч ирсэн бөгөөд манай баг пистол (гар бууны) үед оноо авч дажгүй эхлүүлсэн ч өрсөлдөгч баг хамгаалалт, довтолгоо үзүүлсээр 13-4 харьцаатайгаар манай багийг хожжээ. Хоёр дахь мапаар The MongolZ-ын сонгосон Dust II мап гарч ирсэн бөгөөд манай мэргэн буудагч Банзрагчийн Өсөхбаяр (910) утаан дундаас хоёр чухал оноо авч, багийн шинэ тоглогч Ууганбаярын Анарбилэг (cobrazera)-ийн 1в1 тулаануудаар манайх тоглолтыг тэнцүүлж чадсан ч төгсгөлийн үед MOUZ багийн залуу тоглогч Адриа Винце (xelex) 2в5 нөхцөл байдлаас 4 аллага хийж эргэн ирэлт хийснээр 13-6 харьцаатайгаар MOUZ дахин хожсон байна. Шийдвэрлэх гурав дахь мап болох Inferno дээр манай залуучууд бүх хүчээ шавхан тэмцсэн ч Европын "хулганууд" тактикийн илт давуу байдлаар B бөмбөгний талбайг амжилттай хамгаалж, тоглолтыг давамгайлсаар 13-3 харьцаатайгаар эцсийн цэгээ тавьж, цувралыг 3-0-оор өөрсдийн талд ашигтайгаар дуусгалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ