Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 13 үйлдлийг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагаас энэ оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн Архангай, Булган, Хөвсгөл, Завхан аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар мод бэлтгэж байж болзошгүй иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг таслан зогсоох зорилгоор ажлын хэсэг байгуулж, хяналт шалгалт зохион байгуулан ажиллаж байна. Хяналт шалгалтаар Архангай, Булган, Завхан аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ойн мэргэжлийн 10 байгууллагад шалгалт хийж, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 13 үйлдлийг илрүүлэн, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоожээ.

Энэ хүрээнд 2000 ширхэг банз, 373 ширхэг палк, 363 ширхэг гуалин буюу нийт 3336 ширхэг модон материал ашигласан байна. Мөн хууль бус үйл ажиллагаанд ашиглаж байсан техник хэрэгсэл, багаж төхөөрөмжийг битүүмжилжээ.

Эрүүгийн хуульд, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ, дээрх гэмт хэргийг байнга тогтвортой, бүлэглэж, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд, төрийн албан хаагч үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж хорин мянган нэгжээс нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэхээр хуульчилсан байдаг тул иргэд та бүхэн хууль тогтоомжийг сахин мөрдөж, байгаль орчноо хайрлан хамгаалахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ