Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 3D орчинд мэдээлж эхэллээ

 Улаанбаатар хотын агаарын чанарын мэдээллийг иргэдэд илүү ойлгомжтой, хүртээмжтэй хүргэх зорилгоор агаарын бохирдлыг газар зүй, цаг уурын онцлогтой нь уялдуулан 3D орчинд дүрслэх интерактив системийг нэвтрүүлж эхэллээ.

Шинэ систем нь агаарын чанарын хяналт, шинжилгээний автомат станцуудын бодит мэдээллийг Улаанбаатар хотын уул нуруу, хотгор гүдгэр, голын хөндий, ай сав, газрын гадаргын өндөршил зэрэг газарзүйн мэдээлэлтэй уялдуулан орон зайн болон цаг хугацааны хувьд дүрслэн харуулах ажээ.

Тус интерактив зураглалаар өнгөрсөн 5 хоногийн агаарын чанарын мэдээлэл, бодит цагийн буюу тухайн агшны агаарын чанарын мэдээлэл, маргаашийн 24 цагийн урьдчилсан прогноз, агаарын чанарын индексийн түвшин, PM10, PM2.5 тоосонцор, NO₂, SO₂, CO зэрэг агаар бохирдуулагч бодисын агууламж зэргийг 15 минут тутмын давтамжтай харах боломжтой. Өөрөөр хэлбэл, агаарын чанарын мэдээллийг 15 минут тутамд шинэчилнэ гэсэн үг. Мөн 24 цагийн мэдээллийг 96 кадраар хөдөлгөөнт байдлаар дүрслэн харуулах бөгөөд ингэснээр агаарын чанарын өөрчлөлт цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгдөж байгааг үзэх боломж бүрдэж байна.

Улаанбаатар хотын тухайд уулсаар хүрээлэгдсэн хотгор, хөндийн тогтоцтой бөгөөд цаг уур, газрын гадаргын онцлог нь агаарын чанарын орон зайн болон цаг хугацааны өөрчлөлтөд ихээхэн нөлөөлдөг. Иймээс агаарын бохирдлыг зөвхөн автомат станцын цэгэн хэмжилтийн тоон мэдээллээр бус, хотын газарзүйн тогтоц, газрын гадаргын өндөршил болон цаг хугацааны өөрчлөлттэй нь уялдуулан 3D орчинд дүрслэх нь агаарын чанарын нөхцөл байдлыг илүү бодитой, ойлгомжтойгоор харах боломжийг бүрдүүллээ.

Энэхүү системийг нэвтрүүлснээр агаарын чанарын мэдээллийг мэргэжлийн байгууллага, судлаачдаас гадна иргэд, олон нийтэд ойлгомжтой, шуурхай, визуал хэлбэрээр хүргэх боломж нэмэгдэж байна. Цаашид уг системийг хөгжүүлэн агаарын чанарын хяналт-шинжилгээ, мэдээлэл, прогнозын хэрэглээг өргөжүүлж, Улаанбаатар хотын агаарын бохирдлын нөхцөл байдлыг орон зай, цаг хугацааны уялдаатайгаар үнэлэх, мэдээлэх боломжийг улам сайжруулах юм.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ