Цахим орчинд бусдын нэр хүндэд халдсан мэдээлэл түгээсэн хэргийг шалгаж байна
Эрүүгийн цагдаагийн албаны дэд дарга, цагдаагийн хурандаа Г.Пүрэвдэлгэр:
-Олон нийтийн мэдэх эрхийг хангах, нийгэмд үүссэн мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгах зорилгоор өнөөдөр дараах мэдээллийг хүргэж байна. Цагдаагийн байгууллагаас энэ оны есдүгээр сарын 24-ний өдөр цахим орчинд төрийн албан тушаалтнуудын гэрэл зургийг ашиглан, хиймэл оюун ухааны тусламжтайгаар бүтээсэн 3 минут 45 секундын хугацаатай дүрс бичлэг нийтэлсэн, мөн арваннэгдүгээр сарын 2-ны өдөр “Тод хар” цахим хуудсаар улс төрийн албан тушаалтнуудын гэрэл зургийг эвлүүлэн, олон нийтэд мэдээлэл түгээсэн гэх үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд иргэн Д нь нэр бүхий иргэдтэй бүлэглэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн 23 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаж, хууль ёсны эрх, ашиг сонирхолд ноцтой хор хохирол учруулахаар баримт, мэдээлэл тараасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.
Уг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нэр бүхий иргэдийн орон байр, гар утас, зөөврийн компьютер, тээврийн хэрэгсэлд үзлэг, нэгжлэгийн ажиллагаа явуулсан.
Энэ үеэр гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байж болзошгүй цахим хуудас, гэрчийн мэдүүлэг, хяналтын камерын дүрс бичлэг, таньж олуулах ажиллагааны үр дүн, мөн нэр бүхий этгээдүүдийн арилжааны банкны дансанд хийсэн үзлэг зэрэг нотлох баримтуудыг цуглуулсан. Эдгээр нотлох баримтад үндэслэн прокурорын байгууллагаас холбогдох санал гаргаж, эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах ажиллагааг явуулж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд цугларсан нотлох баримтыг үндэслэн иргэн Д, М, Л нарыг дээр дурдсан Эрүүгийн хуулийн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан 2026 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр яллагдагчаар татсан. Түүнчлэн хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй иргэн М нь 100 болон түүнээс дээш үүрэн холбооны дугаар ашиглаж, бидний тогтоосноор 2,000 болон түүнээс дээш хуурамч буюу тролл цахим хаяг үүсгэн, тэдгээрт хөгжүүлэлт хийдэг, олон дагагчтай цахим хаягуудыг худалдан авч, улмаар тэдгээр хаягаар дамжуулан захиалгат мэдээлэл түгээдэг байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Мөн БНХАУ болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад байрлах, мэдээллийн хандалтыг нэмэгдүүлэх, тухайн мэдээллийн агуулгатай холбоотойгоор нэр хүндэд халдсан сөрөг сэтгэгдлийг олноор бичих зориулалттай программ ашиглаж байсан нь эрх бүхий байгууллагын шалгалт, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ