Багахангай дүүрэг, Төв аймгийн Баян, Баянжаргалан, Баянцагаан сумын цахилгааныг маргааш 06:00-19:00 цагт таслахаар болсныг мэдэгдлээ
Нийслэлийн Багахангай дүүрэг, Төв аймгийн Баян, Баянжаргалан, Баянцагаан сумын цахилгаан эрчим хүчийг маргааш 06:00–19:00 цагийн хооронд таслахаар болсныг мэдэгдлээ.
Энэ тухай НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс "Багахангай дүүрэг, Төв аймгийн Баян, Баянжаргалан, Баянцагаан сум, төмөр замын 7 дугаар зөрлөгийг эрчим хүчээр хангадаг 110/35 кВ-ын Багахангай дэд станцын 40 МВА чадалтай трансформаторын 110 кВ-ын талын оруулгын хэсэгт ноцтой гэмтэл үүсэж, тосны битүүмжлэл алдагдсаны улмаас трансформаторын тос их хэмжээгээр гоожиж, тоног төхөөрөмжийн хэвийн, аюулгүй ажиллагааг хангах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.
Гэмтлийг яаралтай арилгахгүйгээр трансформаторыг цаашид ашиглах нь дотоод тусгаарлагч гэмтэх, богино залгаа үүсэх, улмаар трансформатор бүрэн ажиллагаанаас гарах өндөр эрсдэлтэй байна. Иймд гэмтлийг яаралтай арилгаж, хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хангамжийг цаашид найдвартай, хэвийн үргэлжлүүлэх зорилгоор 40 МВА чадалтай трансформаторыг тасалж, нөөц трансформатораар солих зайлшгүй шаардлага үүсжээ.
Иймд "ЦДҮС" ТӨХК-ийн мэргэжлийн бригад 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 06:00–19:00 цагийн хооронд цахилгаан эрчим хүчний хангамжийг түр тасалж, гэмтлийг бүрэн арилгах болон трансформаторыг нөөц трансформатораар солих ажлыг гүйцэтгэхээр төлөвлөж байна.
Хэрэглэгч та бүхэн дээрх хугацаанд цахилгаан эрчим хүчний түр тасралтад бэлтгэж, шаардлагатай арга хэмжээг урьдчилан авна уу.
Цахилгаан эрчим хүчний хангамжийг найдвартай байлгах, болзошгүй томоохон аваараас урьдчилан сэргийлэх үүднээс уг ажлыг зайлшгүй гүйцэтгэх шаардлагатай байгааг анхааруулж байна" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ