Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Өнөөдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Ерөө , Туул, зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Балж, Хэрлэн гол Мөнгөнморьт болон Өндөрхаан сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгдэж, Хүдэр, Хараа гол Дархан хот, Ерөө, Туул голын адаг, Барх, Балж, Хэрлэн голын адаг буюу Чойбалсан орчмоор үерийн түвшинг 10-50 см, Хэрлэн гол Мөнгөнморьт сум болон Их Хянганы нуруунаас усжих Халх гол Ялалт баг орчмоор үерийн аюултай түвшинг 5-15 см даван тус тус хүчтэй үерлэж байна. Мөн Сэлэнгэ мөрөн Орхон голын адгаар үерийн түвшинг 10-30 см давсан байдалтай байна. 9 дүгээр сарын 6-ны өдөр Ерөө голын усны түвшин Дулаанхаан сум орчмоор 30 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 20 см, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд 15 см нэмэгдэж, үерийн түвшинг 10 см орчим даван үерлэх төлөвтэй байна. Иймд дээр дурьдсан голын сав болон голын эрэг дагуу суурьшиж, зусаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, аялал зугаалгаар явж, амарч буй иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхаарч, бага насны хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлж, голын эргийн дагуу тоглуулахгүй байхыг нийт эцэг, эхчүүд болон тэдний асран хамгаалагчдад онцгойлон анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ