Н.Бадрал: Тавьтайдаа аав болох жаргал юм байна шүү

“Би чамд хайртай” киноны Баяраа буюу Нямдаваагийн Бадрал хөл хүнд залуухан эхнэрээ хөтлөн, Нэгдүгээр амаржихын Хүлээн авахаар оруулаад гарч ирэхэд нь уулзан цөөн хором ярив. Түүний аав Нямдаваа “Тунгалаг Тамир”-ын Хонгор гэдгийг уншигчдадаа хэлэх нь зөв болов уу.
-Сайн байна уу. Намаржаа сайхан уу?
-Сайхаан. Сайхан намаржиж байна уу.
-Сайхаан. Уучлаарай би сэтгүүлч хүн. Үе тэнгийн улс байна даа. Өөртэй чинь хэдэн үг солих боломж байгаа болов уу гээд л уулзаж байна даа?
-За, ёстой чиний хэлдгээр үе тэнгийн үхэр, хонь жилтнүүд юм даа. Хэдэн үг солиход болохгүй нь ч юу байхав. Эхнэр төрөх гээд тун яаруу явна. Өөр хүнтэй бол ч ганц үг ч солиход хэцүү л байна. Тэгэхээр би автобусанд суухаа больё. Хоёулаа манайх руу дөхөнгөө ярилцаад явах уу даа.
-Тэгье, тэгье. Эхнэр чинь төрөх гэж байгаа юм уу?
-Тийм ээ, хө. Өвгөн чинь чих, хамар, хоолойн “ЭМЖЖ” эмнэлэгт хоёр чихнийхээ хэнгэрэг нөхүүлэх хагалгаа хийлгээд хэвтэж байлаа. Багын л цоорхойтой байсан юм. Тэр нь сэдэрчихэж. Тэгтэл эхнэр төрөх гээд Нэгдүгээр амаржихад хүрээд ирлээ. Тэгэхээр нь гараад явж байна даа. Нуух юу байхав. Хоёр дахь гэргий маань. Насны мухарт заяасан юмыг хайрлахаас яалтай.
-Одоо ч шинжлэх ухаан хөгжжээ. Охин уу, хүү юу гэдгийг мэдсэн л биз дээ?
-Охин. Хэнз охин болж ирж байгаа юм байлгүй дээ. Тавь шүргээд аав болох энүүхэнд гэж хэлэхэд жаргал юм байна шүү.
-Тэгэлгүй яахав. “Хүн нэмбэл хүнс нэмдэг” гэсэн сайхан үг бий дээ. Анхны хүүхэд чинь охин уу, хүү юу. Холбоотой байдаг уу?
-Ёстой л “Хүн нэмбэл хүнс нэмэнэ дээ”. Анхных бас охин. Холбоотой байлгүй яах вэ. Одоо ТИС-ийн гуравдугаар дамжааны оюутан. Охин хүүхэд аав амьтай гэж үнэн юм. Аавдаа их сайн ш дээ. Хоёулаа тамхилах уу даа.
-Тэгье. Харин энд болох болов уу?
-Шал балай хууль гарлаа. Тэр жил яалаа. Архины гэх “сухой закон” гараад бидний үеийнхнийг баллаа биз дээ. Би гуч гараад тамхи татаж, дөч шүргээд архи ууж үзсэн хүн дээ. Харин жаахан ширүүхэн дайрчих шахсан тал бий. Болно доо. Одоо амьдарна аа, хө.
-Чи бид хоёр төстэй юм. Ер нь бидний үеийнхэн адилхан байх шүү?
-Уудаггүй хэн байхав. Гэхдээ энэ олон дотор бас байдаг байлгүй дээ.
-Чи хятад тамхи татдаг юм уу/Тэр намайг хятад тамхиар дайлав/. Хятад тамхи таталгүй уджээ. Сонин санагдлаа?
-Өвгөн чинь БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод багшилж байгаад ирлээ. Өмнө нь хоёр жил гаруй багшилсан. Сая таван сар болов уу даа.
-Элэг нэгтнүүд маань ямаршуухан байх юм?
-Давгүй ээ. Гэхдээ Ар Монголын авьяаслаг залууст яаж хүрэх вэ.
-Ажил төрөл хаана харъяалагдаж байна вэ?
-Өө, чөлөөт уран бүтээлчээр яваа. Нэг талдаа амар юм. Гэр бүлээ тэжээхийн тулд дураар явах боломжтой гэдэг талаас нь ярьж байгаа юм шүү.
-Гэр бүлээ хэрхэн тэжээж байгааг чинь сонирхож болох уу?
-Бусдын адил даа. Мэргэжилээрээ л тэжээх юм даа. Кинонд тоглоно гэсэн үг гэх үү дээ.
-Кинонд тоглох гэснээс уран бүтээлээр сонин сайхан юутай вэ?
-Баахан кинонд тоглох шив дээ. Заримынх нь нэрийг мэдэхгүй юм. Одоо чинь зургаа авчихаад дараа нь киногоо нэрлэдэг болжээ. Сонин, сонин юм их болж. Та тоглоод орхи, тэгээд л гүйцээ гэх юм. ТЕГ, ЦЕГ-ын хамтарч хийсэн “Цахлай нисэх гэж төрдөг” кинонд тоглолоо. Эх орныг хилээр нь бараг бүтэн тойров доо.
-Ямар, ямар дүрд тоглов?
-Өө, гол, туслах гээд л таарсан болгонд нь шахуу тоглосон доо. Чамд нэг юм хэлчих үү.
-Тэг л дээ. Юу юм бол?
-Чиний мэргэжилтэй холбоотой юм. Хэдэн жилийн өмнө намайг нэг сонинд бичлээ. “Баяраа, Дэлгэр хоёр Үрлээг булаацалдаж зодолдов” гэсэн их сүртэй гарчигтай. Сонины бүтэн нүүр хуудас дүүрэн юм бичжээ. Дотор нь авах ч юм алга. Аргаа бараад сонин, сэтгүүлч хоёрыг шүүхэд өгөхөөр шийдэв. Яваад очлоо. Тэгсэн чинь нэг жижигхэн, годгор охин байна. “Ахаа, эрхлэгч нэг нүүр материал бич” гэхээр нь нэг сонины мэдээнээс санаа аваад, дэлгэрүүлэн, зохиомжлоод хийчихсэн юм гэдэг байгаа. Яг миний охин шиг жаахан юм аа. Хүн их амархан уярдаг юм байна лээ. За яршиг, нэгэнт хэвлэгдчихсэн юм гэж бодоод “Ахын дүү дахиж ийм юм битгий хийгээрэй. Сониноороо дамжуулаад ахаасаа албан ёсоор уучлалт гуйчих” гээд л гарсан даа. Дараа нь гарсан уучлалт ганцхан өгүүлбэр байж билээ. Түүнээс хойш залуу сэтгүүлчдээс жаахан цэрвэдэг болсон. Үе тэнгийн улс болохоор чамд харин хамаг юмаа ярьчихав уу яав.
-Зүгээр дээ.
-Бас нэг юм ярьчих уу?
-Тэгээч дээ?
-Нэг хачин юм газар авах нь ээ. Бие өвдлөө, элэг муудлаа, бөөр солиулах боллоо гээд хандивын тоглолт гээчийг хийх юм. Одоо бүр жирийн иргэд ч тэгдэг болж. Зурагтын суваг солингуут л тийм мэдээ гараад ирэх нь хачин. Би одоо бас чихнийхээ хэнгэрэг нөхүүлэх болов гээд тоглолт хийх юм уу, хаашаа юм. Би хэзээ ч тэгэхгүй ээ. Миний зовлон миний л зовлон биз дээ. Бусдад нялзаад, үзэгчдээр даалгаад яадаг юм. Ёсзүйд ч нийцэхгүй. Тийм юмыг больвол таарна. Өвчнөө өөрсдөө дааж эмчлүүлье л дээ.
-Тэр харин үнэн байх шүү. Хорвоогийн бүх хүнд туслахгүйгээс хойш, хэнийг нь гэхэв. Санал нэг байна. За, хэр улс төрждөг вэ?
-Шуудхан хэлчихье. АН-ынхан анх биднийг ашиглаж гарч ирсэн юм ш дээ. Э.Бат-Үүл бид нэг байранд байлаа. Их хүндэлдэг байсан. Орцны үүдэнд тамхилах нь тамхилаад, гитардах нь гитардаад сууж байхад Үүл ах гараад ирвэл тараад, бутардаг, тийм л хүүхдүүд байв. Саяын сонгуулиар ах Хотын дарга болоод сайн ч юм хийлээ. Бас таалагдахгүй зүйл ч олныг хийж байна. Дэмий дээ.
-Таалагдахгүй ямар зүйл хийлээ гэж?
-За,за. Хоёулаа улс төржөөд яах вэ. Манай байранд хүрээд ирлээ.
-Нээрээ ч тийм дээ. За амжилт хүсье. Баяртай.
-Баяртай. Асууж лавлах юм гарвал утсаар яриарай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ