Жүжигчин Г.Ундармаа "Улаан цэцэг" кинонд зарцуулсан хөрөнгийнхөө тодорхой хувийг МЭХ-оос нэхэмжилж шүүхэд ханджээ

Төр нийгмийн зүтгэлтэн С.Удвалын бодит амьдралаас сэдэвлэсэн, бүрэн хэмжээний “Улаан цэцэг” уран сайхны киног Монголын эмэгтэйчүүдийн холбооны захиалгаар “Ю фильм” уран бүтээлийн нэгдэл хийж үзэгчдийн хүртээл болгосон. 

“Ю фильм” уран бүтээлийн нэгдэл нь тус киног нийт 700 сая төгрөгөөр бүтээсэн талаар уран бүтээлчид нь олон нийтэд мэдээлсэн. Тэгвэл киноны өртөгтэй холбоотойгоор гүйцэтгэгч тал шүүхэд нэхэмжлэл гарган маргаж байгаа аж. Тодруулбал, “Ю фильм” уран бүтээлийн нэгдлийн захирал, жүжигчин Г.Ундармаа тус кинонд оруулсан нийт хөрөнгийнхөө тодорхой хувийг /320 сая төгрөг/ Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос нэхэмжилт шүүхэд ханджээ. 

Тухайн үед Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Оюунгэрэл энэ талаар “Улаан цэцэг” уран сайхны киног хийхдээ улсын төсвөөс нэг ч төгрөг аваагүй. Энэ киног хийхдээ Швейцарийн хөгжлийн агентлагт төсөл бичиж, тендерт оролцоод тодорхой хэмжээний санхүүжилт авсан. Мөн хандив зохион байгуулсан бөгөөд ивээн тэтгэгч, хандив, төслийн санхүүжилтээр киног бүтээсэн. Үндсэндээ “Ю фильм” уран бүтээлийн нэгдэл 50, Монголын эмэгтэйчүүдийн холбоо 50 хувийн санхүүжилтийг бүрдүүлсэн. Холбооныхоо удирдах зөвлөл болон аймаг орон нутгийн эмэгтэйчүүдийн дэмжлэг, хүлээн авалт, хандив босгож, “Ундрам” сан ивээн тэтгэгчээр оролцсон” гэсэн тайлбарыг өгч байжээ. Харин жүжигчин Г.Ундармаа өөрөөсөө гаргасан мөнгөө нэхэмжилж шүүхэд хандсан байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 19 хэм дулаан
Уржигдар 09 цаг 18 мин