Эхнэрээ хөнөөсөн эр ял эдэлж байжээ

Нөхөр нь эхнэрээ хөнөөж, цогцсыг нь булж нуун дарагдуулсан хэрэг энэ сард цагдаагийн байгууллагад хоёр ч бүртгэгдэв. Тиймээс хэргийн явц ямар шатандаа явааг Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.
-Таван жилийн өмнө эхнэрийгээ хөнөөж, цогцсыг нь хундааманд булсан гэх мэдээлэл гарсан. Энэ хэрэг юу болж байна вэ?
-Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд хүн амины хэрэг гарсныг цагдаагийн байгууллага илрүүлэн, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.Хэрэг хэзээ гарсан, цогцос хэр удсан, хэд орчим насны хүн байсныг тодруулахаар шинжээч томилогдон ажиллаж байна. Шинжээчийн дүгнэлт гарахаар бүх зүйл тодорхой болно.
-Энэ хэрэгт хэдэн хүн шалгаж байгаа вэ?
-Сэжигтнээр нэг этгээдийг цагдан хорьж шалгаж байгаа. Мөн холбоотой байж болзошгүй 2, 3 хүнийг эрэн сурвалжилж байна.
-Говьсүмбэр аймагт бас эхнэрээ хөнөөгөөд нуусан хэрэг гарсан гэсэн?
-Говьсүмбэр аймгийн төв Сүмбэр сумын цагдаагийн хэлтэст энэ сарын 2-нд засварын газраас эмэгтэй хүний цогцос олдлоо гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу шалгаж, тус аймгийн иргэн Б гэгч эмэгтэй болохыг тогтоогоод байна. Сэжигтнээр нөхөр болох Г-г цагдан хорьж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Тэр өмнө нь ял эдэлж байсан юм билээ.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ