Замын тендерийн “зам Жанжаанууд”

Шинэчлэлийн Засгийн газар хот хоорондын зам барилгын бүтээн байгуулалтад шаардагдах гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын санхүүжилтийг цаг хугацаанд нь хийхэд ихээхэн анхаарал хандуулсан. Хот, хөдөөд олон зам, гүүр шинээр ашиглалтад орж, намрын дунд сартай золгов. Гэсэн ч хүйтний улирал эхлэх дөхсөөр байхад том амлаж, зам барилгын ажлын тендрийн гүйцэтгэлийн их хэмжээний мөнгө авсан зарим компанийн удирдлага дараагийн тендерт санаархан хуйхаа маажиж сууна.

Дарханаас Орхон сум хүртэл 10 гаруйхан км шороон зам хол ойрын хүмүүст жинхэнэ там болж байлаа. Харин 2008 онд дөнгөж хоёр км замыг засмал болгосон юм. Үлдсэн 8,23 км зам жинхэнэ шүдний өвчин болж байсан боловч “Очирням” ХХК хатуу хучилттай болгохоор 2011 онд сүр дуулиантай нээлт хийж байсан билээ. Гэвч 10 гаруйхан км замын ажилд түүртэж, Лүнгийн замыг там болгосон “Очир төв” компанийн паянг давтахад ойрхон байна. “Очирням”-ынхан ер нь тендерийн мөнгөөр тоглохдоо гаршсан төдийгүй интернэтйн төлбөр 180 мянга гаруйхан төгрөгөө хүртэл луу унжиж, “Улуснэт” арга буюу шүүхэд нэхэмжлэн арай чамай авч байжээ. Ийм компани цаашид олон км замын ажил гүйцэтгэх тендерийн эзэн болно гэхэд юу л бол.

Мөн “Төгс зам” ХХК Германы Сэргээн босголт, зээлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Улаанбаатар-Дарханы 33,9 км автозамаас Партизаны чиглэлд 17 км-ыг тавих юм. Гэвч хугацаандаа хүлээлгэж өгч амжаагүй явна. Хэрвээ тус компани танилцуулгадаа тоочсон АНУ-ын CATERPILLER, Японы SAKAI, KOMATSU, SUMITOMO, HANTA БНСУ-ын HYUNDAI, DAEWOO, Германы BOMA G, БНХАУ-ын SHANTUI, XCMG, BEIBEN TRUCK зэрэг хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадал бүхий 40 гаруй машин механзм ашигладаг нь үнэн л юм бол 10 гаруйхан км замын ажил аль хэдийнэ дуусах байсан биз.

Саяхан Монгол орны босгыг нийслэлтэй холбох их замын ажлын Улаанбаатар-Сайншандын бүтээн байгуулалт нэгэнт дуусч,тууз хайчилсан. Гэтэл энэ замын шууд үргэлжлэл болсон Сайншанд-Замын-Үүдийн 60 гаруйхан км автозам яарсан тээвэрчдэд садаа болсоор байна. Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжүүлсэн "Бүс нутгийн автозам хөгжүүлэх төсөл"-ийн Сайншанд-Замын-Үүд чиглэлийн131.2 км хатуу хучилттай автозамын ажлыг "Чайна жео инженеринг компани" яг адилхан нөхцөлд цаг хугацаанд нь тавьж дуусгаад байхад алдыг нь аваад дэлмэн дээр нь гэгчээр “Чайна рэйлвэй фөрст групп компани” жинхэнэ шаврын хаалт болов. Одоо газар дээрээ нийт ажлын гүйцэтгэл 70 гаруйхан хувьтай байгаа нь талбай дээр ажиллах ёстой 207 тоног төхөөрөмжийн 134, нийт 508 ажилчин ажиллахаас 190 хятад, 39 монгол ажилчин байгаа нь ашиглалтад оруулах хугацаа аль хэдийнэ өнгөрсөнтэй шууд холбоотой. Буталсан чулуу, битум, арматурын нөөц ч хүрэлцэхээргүй байна. Ядаж байхад эдний хамтрагчаар мөнөөх “Очирням” ХХК хамжиж байгаа ажээ.

“Их аяныхан” гэж их сайхан роман байдаг. Уг романд тээврийн бригадынхаа амжилтаас юм л тэрэг техникээ эвдэж, зам тосоод сууж байдаг “зам Жанжаа” гэдэг нэгэн дүр байдаг. Түүн лүгээ их замын бүтээн байгуулалтаас хойш чангааж байдаг энэ мэт компаниудыг амласных нь зоргоор тендерт шалгаруулж, Монгол орныг хот, хөдөөтэй холбох автозамын ажлаас хойш чангаалгаад байвал аяны зам урагшлахгүй.

Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ