Б.Азбаяр: “Өөрчилье” гэсэн бичигтэй хэрнээ өөр зүйл ярьж байна

ШУТИС-ийн хэсэг оюутнууд сургалтын төлбөр нэмэгдэж буйг эсэргүүцэж, сургуулийнхаа гадаа эсэргүүцлийн жагсаал хийж байгаа билээ. Харин энэ талаар туссургуулийн төгсөх курсийн оюутнууд мэдээлэл хийлээ. Тэд энэ талаар ярихдаа "Оюутнууд бидний үүрэг бол сурах. Тиймээс сургуулийн гадаа сайн дураараа жагсаал цуглаан хийж суугаа оюутнуудыг хичээлдээ оролцохыг уриалж байна. Хоёрдугаарт манай сургуулийн оюутны холбоо улсын бүртгэлийн газарт албан ёсны бүртгэлгүй хууль ёсны бус газар. Тэгсэн мөртлөө оюутны холбоо жил бүр 180 сая төгрөг зарцуулдаг гэсэн баримт байна. Төлбөр нэмэгдсэн нь мэдээж оюутнуудад хүндээр тусч байгаа. Гэхдээ бидний дуу хоолойг сургуулийн удирдлагуудад хүргэх ёстой байгууллага маань хууль бус байна" гэв.
Энэ үеэр тус сургуулийн оюутан Б.Азбаяраас цөөн асуултад хариулт авлаа.
-Төлбөр нэмлээ гэж эсэргүүцэж байгаа оюутнуудынхаа эсрэг яагаад ийм тайлбар хийх болов?
-Төлбөр нэмэгдэж байгаа нь буруу л даа. Гэхдээ эдгээр залуучууд толгойдоо “Өөрчилье” гэсэн бичигтэй байгаа хэрнээ шал өөр зүйл хэлж яриад байгаа юм. Жишээ нь, бид хичээлдээ суумаар байна, төлбөрөө нэмэхээ зогсоо гэж хашгираад хичээлд сууж байгаа оюутнуудад саад болоод байна. Бид төлбөрөө өгсөн юм чинь боловсролоо авмаар байна. Эдгээр оюутнууд бүр захиргаа руу цаасанд чулуу боож байгаад шидсэн. Тэр цаасан дээр нь “Төлбөр нэмж байгааг эсэргүүцэж байна” гэсэн байсан. Оюутны холбооны тэргүүн болох залуу “Хэрвээ намайг ТУЗ-д оруулчих юм бол би энэ оюутнуудыг хичээлд нь суулгалаа” гэсэн яриа ч гарсан.
-Төлбөр яг хэдэн хувиар нэмэгдсэн юм бэ?
-Нэг кредит нь 44 мянга байгаа. Ингээд бодохоор жилдээ 1 сая 700 төгрөг болж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ