Д.Эрдэнэтөгс: Цоо эрүүл шүдтэй хүн алга

Яг одоо Сүхбаатарын талбайд Нийслэлийн бүх дүүргийн эмнэлэгүүд “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар”-ын хүрээнд оюутнуудад зориулсан нэгдсэн нээлттэй хаалганы өдөрлөг зохиож байна. Энэ өдөр оюутнууд үнэ төлбөргүй үзүүлж, эмчилгээ, зөвлөгөө авч болох бөгөөд тэнд бүх төрлийн эмнэлэгийн үйлчилгээ үзүүлж буй юм. Ингээд шүдний үзлэг хийж байсан Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төвийн урьдчилсан сэргийлэхийн их эмч Д.Эрдэнэтөгстэй ярилцлаа.

-Одоогийн байдлаархэчнээн оюутан шүдээ үзүүлэв ээ?

-Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын хүрээнд явагдаж байгаа өнөөдрийн үзлэгийн хүрээнд 12 цагаас хойш 10 оюутан шүдээ үзүүлээд байна. Үйл ажиллагаа дуусахаар нэгдсэн тоо гарах байх.

-Үзүүлж байгаа хүмүүсийн өвчлөл нь ямар байх юм?

-Ер нь сүүлийн үед монголчуудын дунд шүдний өвчлөл харьцангүй их болсон. Энэ үзүүлсэн хүүхдүүд шүд арчилгаа их муу байна. Цооролт ихтэй. Цоо эрүүл шүдтэй хүн алга даа. Ямар нэг хэмжээгээр цооролттой, шүдний өнгөр ихтэй, буйлны үрэвсэлтэй байна.

-Ямар зөвлөгөө өгч байна?

-Шүдний нарийн мэргэжлийн гурван эмч ажиллаж байна. Гажиг заслын, согог заслын, мэс заслын эмч тэгээд эмчилгээний эмч нар өөр өөрсдийн зөвлөгөөгөө өгч байна.

-Дөнгөж төрсөн хүүхэд шүдний эмгэгтэй гарах нь ихэссэн гэж сонссон. Энэ юутай холбоотой юм бол?

-Эхийн эрүүл мэндийн байдалтай их холбоотой л доо. Үнэхээр жирэмслээд, хүүхэдтэй болъё гэж бодсон бол амны хөндийгөө маш цэвэрхэн байлгах ёстой. Амны хөндийн өвчлөл бол бүх өвчний суурь болж байдаг. Тиймээс цоорхой шүднүүдээ, үрэвссэн буйлаа эмчлүүлэх хэрэгтэй. Манай эмэгтэйчүүд төрөх дөхчихсөн байхдаа шүд нь өвдөөд байна гэсэн байдлаар их ханддаг.

-Шүдний өвчлөлийн гол шалтгаан юу вэ?

-Манайхны хувьд арчилгаа муу байна. Тэгээд тогтмол эмчид үзүүлж, зөвлөгөө авдаггүй. Тийм болохоор л өвчлөл их байна.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ