Үндэсний хэлэлцүүлэг явуулна

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Нийгмийн хамгааллын ажлын хэсэг хамтран нийгмийн хамгааллын хүрээ болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний талаарх үнэлгээнд суурилсан үндэсний хэлэлцүүлэг явуулахыг төлөвлөж байна. Энэхүү үндэсний хэмжээний хэлэлцүүлэгтэй холбогдуулан Монгол Улсын нийгмийн хамгааллын салбарт үнэлгээнд суурилсан үндэсний хэлэлцүүлгийг эхлүүлэх нь сэдэвт сургалт, семинарыг 2013 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр зохион байгууллаа.
Хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмэгтэйчүүдийн жирэмсний болон амаржих үе, ажилгүй болох, тахир дутуу болсны улмаас хангалттай орлого олох боломжгүй хөдөлмөрийн идэвхтэй насны хүмүүсд орлогын эх үүсвэр бий болгох, өндөр настны тэтгэвэр, бусад халамжийн тусламжийн баталгааг тухайн улс орон иргэн бүртээ хүртээмжтэй байдлаар хүргэх ёстой байдаг. Үүнийг нийгмийн хамгааллын доод хэмжээ буюу нийгмийн хамгааллын суурь баталгаа хэмээн нэрлэдэг байна.
Харин үнэлгээнд суурилсан үндэсний хэлэлцүүлэг бол нийгмийн хамгааллыг өргөжүүлэх зорилго бүхий цогц хэрэгсэл гэж болно. Үнэлгээнд суурилсан үндэсний хэлэлцүүлэгт Монгол улсын Засгийн газрын холбогдох яамдууд, иргэний нийгмийн байгууллагууд, их дээд сургуулиуд, нийгмийн хамгааллын чиглэлээр хамтын ажиллагаа явуулдаг олон улсын хандивлагч байгууллагууд оролцох юм. Эдгээр байгууллагуудын хамтран нийгмийн хамгааллын доод хэм хэмжээний баталгааг хангахад чиглэсэн бодлого, түүний хэрэгжилтийн талаарх зөвлөмжийг тодорхойлоход тусална. Мөн Монгол улсад байгаа нийгмийн хамгааллын хууль тогтоомж, хэрэгжиж буй хөтөлбөрүүдийг үнэлэх боломжтой болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ