Д.Хаянхярваа: Орос, Хятадтай хэл амаа ололцох нь чухал

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байдалд орлоо. Таны хувьд энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

Эдийн засгийн нөхцөл байдлын талаар ний нуугүй үнэнээ хэлэхэд Засгийн газрын үнэлэдэг үнэлэмж, ард иргэдийн үнэлэх үнэлэмж 2 өөр болсон байна. Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийн ярьж байгаагаар бол Монгол Улсын эдийн засаг хэвийн байгаа юм байна. Үнэ хөлс бүх юм нь “ок” байгаа юм байна. Харин нийгмийн бодит амьдрал руу ороод ирэхээр тэс өөр юм мэдрэгддэг. Хамгийн инээдтэй нь долларын ханш өдөр бүхэн 10 гаруй төгрөгөөр нэмэгдээд байхад эдийн засаг хэвийн, яагаачгүй гэж яриад байгаа Засгийн газрын тэргүүний үг гайхшрал төрүүлээд байна. Манай улсын хамгийн гол 2 валют болох доллар, юань 2 чинь талийж өглөө. Нөгөө барилгын материалын үнээ буулгана гэсэн яасан. Үндсэндээ бол эд нар бараа бүтээгдэхүүний үнийг нэмлээ, долларын ханшийг өсгөлөө. Шинэчлэл гэдэг нэрийн дор хийх ёстой зүйлээ бүгдийг нь л хийлээ шүү дээ эд нар. Үүнийгээ “шинэчлэл” гэж нэрлээд байгаа юм байлгүй дээ гэж би ойлгож байгаа.

Эдийн засгийн хүндрэлээс гарах арга зам юу байна вэ?

Бидний хамгийн том алдаа бол урд, хойд хөрштэйгээ хэл амаа ололцохгүй байгаа явдал. Зэргэлдээх 2 хөрштэйгээ эдийн засаг болоод улс төрийн талаар маш зөв хэл амаа ололцох ёстой. Бид Хятад, Оросоор дамжуулахгүйгээр яаж нүүрс болоод бусад зүйлээ гадагш нь гаргах юм. Тийм биздээ. Тэгэхээр энэ 2 улстайгаа эв зүйгээ олоод цаашаа явах ёстой.

Хойд, урд хоёр хөрш манай Ерөнхий сайдыг хүлээж авахгүй байсан биздээ?

Жил гаруй хугацаа өнгөрлөө. Ерөнхий сайд маань нэг ч удаа гадаадад айлчлал хийсэнгүй. Одоо л нэг Япон явах гэж байгаа юм уу гэж ойлголоо. Хамгийн гол нь хөрш орнуудтайгаа сайн харилцаатай байх ёстой. Тухайлбал, Чалкогийн асуудал үнэхээр харамсалтай юм боллоо. 70 доллар байхад л болохоо байлаа, хамгийн үр ашиггүй гэрээ хийлээ гэж хэрэлдсээр байгаад байхгүй болгоод авсан. Одоо гэтэл дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ 50 гаруй доллар руу ороод явчихсан байж байдаг. Тэгээд нөгөө Чалко Хятадууд болохоор Орос, Киргиз, Казахстанаас нүүрсээ аваад эхэлчихсэн. Монголын 20-30 сая тонн нүүрстэй нүүрсгүй болно гэсэн зүйл илэрхийлээд байна шүү дээ. Дахиад хэлье. Хамгийн чухал нь Орос, Хятад 2-той хэл амаа ололцох нь чухал байна.

Манайд болсон Ардчилсан орнуудын чуулга уулзалтанд Орос, Хятад ирээгүй байхаа?

Ирээгүй ээ.

Эдийн засгийн хүндрэлээс гарах тухайд?

Гарах гарц бидэнд алга. Хамгийн шилдэг гэсэн, томоохон бизнес эрхлэгчдийн уулзалтыг нэг дор зохион байгуулж эдийн засгийн хүндрэлээс гарах гарцын талаар яримаар санагдаад байгаа юм. Энэ хүмүүсийн саналыг сонсох нь юу юунаас илүү чухал. Бизнесийн салбарт явж байгаа хүмүүс чинь биднээс хамаагүй илүү зүйл мэдэж байгаа шүү дээ. Ингэчихвэл арай зөөлөн болох юм байна, ингэвэл үнэ ханш болоод унаад байгаа эдийн засгийг түр зогсоож чадах юм байна гэдгийг тэд мэдэж байгаа. Түүнээс биш УИХ-ын 76 гишүүн, Засгийн газрын хэдэн гишүүн суугаад эдийн засгийн хүндрэлийг яриад оновчтой шийдвэр гаргах нь юу л бол. Одоо бол ажил хийдэг хүнээ л сонсох ёстой. Ажил хийдэг хүмүүс хэн байна вэ гэвэл бизнесменүүд л байна шүү дээ. Тэгэхээр бизнес эрхлэгчдэд үзүүлдэг төрийн дарамт, төрийн оролцоог байхгүй болгох хэрэгтэй. Төр бизнес эрхлэгчиддээ нэмэр болж чадахгүй юм гэхэд нэрмээс болохгүй, ажил хийх бололцоог нь олгох ёстой. Ингэж байж бид эдийн засгийн хямралаас гарна.

Эх сурвалж: www.aravt.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ