Эмийн бүртгэлд бүртгэгдээгүй антибиотик зарж байна

Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийн талаар НМХГ-ын Эм, био бэлдмэлийн улсын ахлах байцаагч Д.Энхцэцэгээс тодрууллаа.

-Эмийн бүртгэлд бүртгэгдээгүй ямар төрлийн эмнүүдийг манайд зарж байна вэ?

-Антибиотик, нянгийн эсрэг бэлдмэлүүд нэлээд байна. Мөн үр зулбуулах эмийг ч зарж байсан. Түүнчлэн колдакмин гээд харшлын гаралтай ханиадны эмийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй зориулалтын бус газар худалдаалж байсан. Мөн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах эм, харшлын эсрэг тосон түрхлэг зэргийг худалдаалж байна.Ихэнхдээ энэ эмнүүдийг зориулалтын бус газар худалдаалж байсан.

-Хаана худалдаалж байсан юм?

-Худалдааны төвүүд болон Энэтхэг барааны дэлгүүрүүдээр худалдаалж байсан.

-Эдгээр эмийг яаж хилээр оруулж ирдэг юм бол?

-Ихэнхдээ энэ эмнүүдийн гарал үүсэл нь тогтоогдоогүй байдаг. Одоогоор Эрүүгийн цагдаагийн газарт шалгаж байгаа.

-Эдгээр эмийг хэрэглэсэн тохиолдолд сөрөг нөлөө нь юу байх вэ?

-Одоогоор илэрсэн сөрөг нөлөө бидэнд мэдэгдээгүй байна. Тухайн хүндээ сөрөг нөлөө илрэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ Монгол Улсын эмийн бүртгэгдээгүй эм нь хуурамч гэсэн үг биш.Монгол Улсын эмийн бүртгэл гэдэг бол эмнэлгийн практикт хэрэглэхээр гаргасан жагсаалтад орсон эм юм. Тэгэхээр Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй манай улсад худалдаалж байгаа эдгээр эм нь тухайн улсын эмийн бүртгэлд байж болно. Гэвч манай улсад хэрэглэхийн тулд тодорхой шаардлага тавьсан байдаг юм. Колдакмин гэхэд л Вьетнам улсаас экспортолсон байна. Энэ эмийг Монгол Улсад хэрэглэхийн тулд англи, монгол хэлээр эмийн заавар, хаяг шошго нь бичигдсэн байх ёстой.

-Монгол Улсын эмийн бүртгэлд хэчнээн нэр төрлийн эм бүртгэлтэй байдаг юм бэ?

-2000 нэрийн эм бүртгэгдээд байна.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ