Майдар бурхан 32 сая ам доллараар босно

Дээрхийн гэгээнтэн XIV Далай ла
мын чойжин Түвдэн Готов өнгөрсөн бямба гаригт Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Өгөөмөрийн ам Зүрх уулын энгэрт бүтээн босгож буй дэлхийн хамгийн өндөр Майдар бурханы барилгын ажлын явцтай танилцлаа. Тэрбээр энэ үеэр ажил үйлс нь бүтэмжтэй байх ном айлдаж, тэнд цугларсан олонд адис өгсөн юм. Тэрбээр “2011 онд энэ ажлыг эхлүүлэхэд миний бие оролцож байсан. Энэ бол ганцхан Монголын бурханы шашин, монголчуудад зориулсан ажил биш болоод байгаа. Дэлхийн бурханы шашинтнуудад зориулсан энх амар амгалан, тайван байх төсөл. Энэ төслийг XIV Далай лам дэмжиж, сүншиг аравнайг нь хийж, санхүүгийн болоод бурханы шашины туслалцааг үзүүлсэн. Энэ удаа ч гэсэн надаар дамжуулаад сүншигэнд хийх нарийн эд зүйлсийг өгүүлснийг төслийнхөнд авчирч өглөө. Энэ төсөл нь Монгол Улс XXI зуунд бие даасан ардчилсан улс болж хөгжихөд Монголын нүүр царайг дэлхийд харуулахболно. Яагаад гэвэл дэлхийд бурхан, ном, суваргатай нь хамтад нь барьсан том цогцолбор байдаггүй юм байна. Энэ том цогцолборын ажил эхлээд амжилттай явж байгаад сэтгэл өөдрөг байна. Энэ талбай дээр хойч, залуу үеийнхнийхээ боловсролыг дэмжих үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Тэгснээр монголын хойч үе зөвхүмүүс болж төлөвшинө” хэмээсэн юм.
Дэлхий дээр 40 гаруй Майдар бурхан бий. Түүнээс хамгийн өндөр нь Төв аймгийн Сэргэлэн сумын Өгөөмөрийн аманд босгож буй Майдар бурхан. Өөрөөр хэлбэл, Энэ Майдар бурхан нь 54 метр өндөртэй, 372 тонн жинтэй байх юм. Одоогоор бурханыг байрлуулах суурийн ажилд нийт 3000 куб метр бетон, 700 тонн ган хийц, 600 тонн арматур зэрэг барилгын материал хэрэглээд байгаа гэнэ.
Энэ үеэр “Их майдар” сангийн гүйцэтгэх захирал Б.Цогтбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-Майдар бурханыг босгох ажлын явц хэдэн хувьтай байна даа?
-Их майдар төслийн эхний үе шат болох 54 метр Майдар бурхан, 108 метр өндөр суварган байгууламжийг босгох ажил өнгөрсөн жил эхлээд байгаа. Одоогоор энэ жил төлөвлөсөн ажлынхаа 80 орчим хувийг гүйцэтгээд байна. Есдүгээр сарын 15 гэхэд бурханы суурийн төмөр бетон, ган хийцийн ажлыг дуугахаар төлөвлөөд байна. Одоогоор 372 тонн жинтэй бурханыг байрлуулах суурийн ажил буюу 2х2 метрийн хэмжээтэй долоон баганыг цутгах болон ган хийц угсралтын ажлыг Монголын компаниуд гар нийлэн гүйцэтгэж байна. Харин барилгын зураг төслийг Английн “Тони Жий энд Партнерс” компани боловсруулсан бөгөөд тэд зургийн хяналтаа хийж байна.
-Хэзээ ашиглалтад орох юм бэ?
-2015 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Энэ жилийн арваннэгдүгээр сар гэхэд бурханаа босгоно гэж төлөвлөж байсан боловч зураг төсөл болоод барилгын ажлыг чанартай гүйцэтгэх ёстой учраас ажил жаахан хойшилж байгаа. Бид есдүгээр сарын 20 гэхэд бурханаа угсарч эхэлнэ. Арванэгдүгээр сарын 15-нд амжуулахаар төлөвлөж байна.
-Бурханы хийцийг хийлгээд авчирсан байна. Хаана хийлгэсэн юм?
-Олон газар судалж байгаад Майдар бурханы хийцийг БНХАУ-д захиалж хийлгэж байгаа. Хятад улс бол хамгийн олон бурхан бүтээсэн туршлагатай. Тиймээс угсралтын ажлыг БНХАУ-ын багийнхан мэргэжлийн түвшинд хийнэ. Бурхан хийсэн материалд 1000 жилийн баталгаа өгч байгаа. Энэ материал нь гууль, зэс, хар тугалгын орцтой, зургаан миллметрийн зузаантай.
-“Их майдар” төслийн төсөв хаанаас гарч байна вэ?
-Даган баясаж байгаа хүмүүсийн тус дэмжлэг их байгаа. Ер нь бол дийлэнх хөрөнгийг Х.Баттулга сайд гаргаж байна. Энэ төсөлд нийт 32 сая ам доллар шаардлагатай. Одоогоор есөн сая ам долларын хөрөнгө оруулалт хийгдээд байна.
“Майдар цогцолбор”-ыг байгуулах нийт талбайн хэмжээ нь 108 га газар. Тэгвэл энэ газрыг санал болгох төдийгүй олгоход Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Мэндсайхан чухал үүрэг гүйцэтгэжээ. Тэрбээр “Богдын их шавийн голомт нь Сэргэлэн сум. Энэ цөвүүн цагийн Мадар бурханыг босгох газрыг сонгох гэж нэлээд судалгаа хийж байсан. Тэр үед би Сэргэлэн сумын Засаг дарга байсан. Тэгээд төслийн багийнханд “Та бүхэн бурханы шашинг хөгжүүлье. Майдар бурханыг босгоё гэж байгаа бол Өгөөмөрийн амыг сонго” гэсэн саналыг тавьж байсан. Тэгээд 2009 оны зургадугаар сард Бурхан багшийн дүйцсэн өдрөөр буюу шинийн 10-нд 108 га газар олгох захирамж гаргаж байсан” хэмээнэ билээ.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ