Таны дугаар хэдэн төгрөгийн үнэ хүрдэг вэ

Нэг хэсэгтээ л авто машины дугаараар гангарч, басхүү зиндаархаж байсан цаг саяхан. Учир нь зарим хүн аз, од хийморь, эд мөнгөний бэлгэшээлтэй холбон туйлшруулж утгыг нь алдагдуулжээ. Мөнгөтэй хүмүүс нь өндөр үнэтэй, тансаг машиндаа 8888, 6666, 7777 дугаар зүүснээрээ өөрийгөө зиндаа дээгүүр, бэл бэнчинтэй гэдгээ харуулж байна хэмээн эндүүрцгээж, жирийн иргэдийн дунд ч авто машиныхаа дугаарыг өөрийнхөө төрсөн он, cap, өдөр, гар утасныхаа дугаартай ижилсүүлж, азын гэгдэх ижил тоотой дугаар зүүж гангарах гэсэн сонирхол давамгайлах болсон билээ. Энэхүү тогтолцоог халж, шинэ журам мөрдөж дугаарыг зөвхөн тохиолдлын журмаар олгохоор болсон байна.

Харин энэхүү тогтолцооны үргэлжлэл болж, гар утасны дугаараар зиндаархах болсон. 9911 барьсан л бол нөлөө бүхий албан тушаалтан хэмээн ойлгогддог болжээ. Арга ч үгүй биздээ, УИХ-ын 76 гишүүдийнх дийлэнх буюу 90 гаруй хувь нь 9911-ээр эхэлсэн дугаар барьдаг. Түүнээс гадна томоохон компаниудын захирал, урлаг спортын одод хүртэл 9911-ээр гангардаг. Энэ бол нийгмийн энгийн нэгэн үзэгдэл. Энэ дугаарын үнэ хамгийн багадаа 11 сая бөгөөд сүүлийн дөрвөн оронгоосоо шалтгаалаад гурван өрөө байрны ч үнэ хүрдэг.

Үүний араас 9909 болон 8811-ээр эхэлсэн дугаарууд “жагсдаг”. Зах зээлийн үнэлгээгээр 9909 хамгийн багадаа нэг сая 700 мянган төгрөгт хүрдэг бол 8811 саяд хүрч байна. Ийнхүү нийгэмд барьсан дугаараараа зиндаархдаг моод дэлгэрээд удаж байна.

Цаг хугацаа өнгөрөх тусам үнэ нь нэмэгддэг дугаарын бизнесээр чамгүй ашиг олдог хүмүүс ч бас байдаг. Нэг хэсэг нь худалдан авч зарж байхад нөгөө хэсэг нь барьцаалан зээл олгох үйлчилгээ үзүүлж байна. 9911, 9909, 9999, 9908, 9919, 8811 болон 990-ээр эхэлсэн сүүлийн дөрвөн орон нь азын болон мөнгөн дугаарт барьцаалж зээл олгодог. Энэ төрлийн бизнес эрхлэгчид нэг үеэ бодоход борооны дараах мөөг шиг олон болжээ.

Ингээд интернетэд тавьсан, дугаар барьцаалж зээл олгоно гэсэн зарын дагуу холбогдсон юм.

-Сайн байна уу. Дугаар барьцаалж зээл авах гэсэн юм?

-Болно оо. Ямар дугаар байгаа юм.

-9909-ээр эхэлсэн дугаар байна. Хэдэн төгрөг өгч чадах вэ?

-Сүүлийн дөрвөн орон энгийн учир нэг сая төгрөг л өгч чадна. Түүнээс дээшээ байхгүй.

-Хүү нь хэд бэ?

-Нэг сая төгрөгний хүү нь сарын 148 мянга болно.

-9911-ээр эхэлсэн дугаар хэдээр үнэлэх үү?

-Долоон саяас эхэлж байна. Сүүлийн дөрвөн орон нь гайгүй бол үнэ нь нэмэгдэнэ.

Үүнээс гадна дугаарын дуудлага худалдаа болдог. Тухайлбал, 2011 онд олимпийн аварга Э.Бадар-Ууганы 99002222 дугаарыг хоёр сая төгрөгөөс эхэлж, 3,5 саяар өөрийн болгосон. Харин Гавьяат тамирчин Б.Наранбаатарын 99003333 дугаарыг мөн л хоёр саяас эхлүүлж, дөрвөн сая хүртлээ өссөн. Олимпийн аварга Н.Түвшинбаярын 99001111 дугаарыг таван саяас эхлүүлсэн ч 50 мянган төгрөг л нэмэгдсэн юм. Дэлхийн аварга Х.Цагаанбаатарын дугаар таван саяас эхлүүлсэн 99000099 алтан дугаарыг нэлээд үнэ хаялцсаны эцэст 7,5 сая хүрсэн.

Ийнхүү дугаарын үнэ өдөр ирэх тусам өсч, түүгээр гангарч зиндаархах хүмүүсийн цуваа ч тасрахгүй байна.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ