Эзэнгүйдсэн Багануур

Багануурт төрөөс том толгойлсон намуудын балгаар засаглалын хямрал хоёр дахь жилдээ нүүрлэж байна. АН, МАН-ынхны хөлд чирэгдсэн төрийн байгууллагуудын ажил цалгардаж, ард иргэдийн амьдрал уруудах нэг шалтгаан болов. 2012 оны намар болсон орон нутгийн сонгуульд АН 52, МАН 48 хувийн суудал авчээ. Гэвч МАН-ынхан дангаараахуралдаж, 13 төлөөлөгчийнхөө бүрэн эрхийг хальт мулт баталгаажуулснаар дүүргийн ИТХ-ын даргаар өөрийн хүнийг сонгосон байна.

Эндээс тулга тойрсон хэрүүлийн бай эхэлжээ. Уг нь Монгол Улсын орон нутгийн сонгуулийн тухай хуулийн дагуу явагдсан сонгуулийн үр дүнг будлиантуулсан балгаар Багануур дүүрэг одоо ч эзэнгүйдсээр байгаа юм. 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хийсэн МАН-ын төлөөлөгчдийн булагнасан хурал эрх зүйн чадамжгүй гэдгийг баталж, дээд шатны байгууллагаас албан зөвлөмж хүргүүлсэн юм.

Иймээс МАН-аас сонгогдсон нэг төлөөлөлөгч, АН-аас сонгогдсон 12 төлөөлөгчийн бүрэлдхүүнтэйгээр2012 оны 12 дугаар сарын 19, 20-ны өдөр болсон хурлаар нийт 25 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулж, Иргэдийн хурлын дарга, Засаг даргыг хуульд нийцүүлэн сонгосноор дүүргийн Иргэдийн хурлыг эрхзүйн чадамжтай болгосон хэдий ч МАН-ын бүлгээс хурлын шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүйгээс дахин зөрчилдөөн үүсчээ.

Дахиад л өөр гарц хайж, АН-ын санаачлагаар зөвшилцөхөөр болж, хоёр талаас ажлын хэсэг байгуулан өнгөрсөн оны нэгдүгээр сард Зөвшилцлийн гэрээ гэгчийг байгуулав. Энэхүү гэрээгээр дүүргийн ИТХ-ын даргад МАН-аас Р.Өнөржаргалыг, Засаг даргад АН-аас М.Гончигжавыг томилж, дүүргийн Иргэдийн хурлыг гурав хоногийн дараа хуралдуулж, Засаг даргын мөрийн хөтөлбөр, дүүргийн төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг яаралтай батлахаар болсон байна. Гэвч ядахад яр нэмэр гэгчээр МАН-ын бүлгээс НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандаг-Очирыг хууль зөрчин дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчөөр давхар ажиллуулахаар шаардаж бас л гацаанд оруулжээ.

АН-ын зүгээс дүүргийн нийгэм, эдийн засгийн зорилт, Засаг даргын мөрийн хөтөлбөр, хөрөнгө оруулалтын ажил, газар зохион байгуулалтын асуудал удаан хугацаагаар орхигдсон тул МАН-ын бүлэг, Иргэдийн хурлын ажлын албанд есөн удаа хандсан боловч нэгэнт засагт багтаагүй МАН-ын бүлэг бахь байдгаараа ажил цалгардуулсаар нэгэн өвлийг өнгөрөөсөн. Багануурт хийгдэх 14 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг гацааж, дүүргийн төсөв эхний найман сард "Түр горим"-ын дагуу гал унтраах маягаар явж иржээ. Наадмын дараа Иргэдийн хурлыг олонхиороо хуралдуулж, дүүргийн Иргэдийн хурлын тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллах тухай тогтоол гаргажээ. Энэ тухай шийдвэрийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлж шийдвэрлүүлснээр шинэ тамгатай болж, харьцангуй хэвийн ажиллах боломж бүрдүүлсэн ч засагсалын эзэнгүйдсэн завсрыг нөхөхөд ихээхэн хүндрэл гарч байна.

Энэ өвөл Багануур дүүрэг өмнөх шигээ хөлдөх үү, үгүй юү гэдэг асуудал Багануурын Дулааны станцаас төдийгүй засаглалаас хамаарах болоод байна. Ер нь МАН-ын бүлгээс дүүргийн ажлыг бүтэн найман сарын турш гацаасан нь өнгөрсөн дөрвөн жилд хийсэн булхай, луйврын асуудлаа хаацайлах гэсэн явцуу ашиг сонирхол юм. Ялангуяа Засаг дарга асан Ц.Сандаг-Очир,Газрын албаны дарга байсан Х.Хишигбадрах нарын хууль бус газрын наймаа анхан шатны шүүхээс тогтоосон зэргээс харагдаж байна. МАН-ынхан Багануурчуудын ажил амьдараар тоглож ханах болоогүй юу.

Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ