Хоёр нүд нь хараагүй болох аюул тулгарчээ

2009 онд ТВ-9 телевиз, Зууны мэдээ сониноос анх удаа зохион байгуулсан эгэл баатар шалгаруулалтад эхнэрийн хамт шалгарч, 10-р байран орж байсан Даваасумьяагийн хоёр нүд бүрэн хараагүй болох аюул тулгараад байгаа юм байна. Улмаар Тайландын Бумрунград хотын олон улсын эмнэлэгт эмчилгээ мэс засал хийлгэх зайлшгүй шаардлагатай байгаа аж. Учир нь тус эмнэлэгт өвчнийхөө тухай өргөдөл бичиж, эмнэлгийн бичгийг хавсаргаж явуулахад мэс засал хийж зүгээр болгох боломжтой гэсэн хариу өгчээ.

Ингээд тус эмнэлэгт хагалгаа хийлгэхэд 25 сая төгрөгийн зардал хэрэгтэй байгаа учир сайхан сэтгэлт ард түмэн, хамт олон, пүүс компани, байгууллага, урлаг соёлын хүмүүс, 1981 онд МУИС-ийг төгссөн найз нөхөд, хувь хүмүүсээс хандив тусламж өгөхийг хүсч өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

-Та МУИС-ийг төгссөн гэлээ. Ямар мэргэжилтэй вэ?

-1981 онд МУИС-ийн физикийн анги төгссөн физикч, физикийн багш мэргэжилтэй.

-Өмнө нь хаана ажилладаг байв?

-1981-1992 он хүртэл Дорнодын ТМДС, 1-р 10 жилд физикийн багшаар ажиллаж байсан.

-Таны эхнэр хаана ажилладаг, ямар мэргэжилтэй хүн бэ?
-Манай хүн дотор, зүрх судасны тэргүүлэх зэрэгтэй нарийн мэргэжлийн эмч юм. Дорнод аймгийн бүсийн оношлогооны төвд дотор, зүрх судасны тасгийн болон, амбулаторын эмчээр улсад тасралтгүй 32 жил ажилласан. Хөдөөгийн хүн амд тусламж үйлчилгээ үзүүлж Монгол Улсын 21 аймгийн нутгаар 40.000 км гаруй зам туулж, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байсан даа.

-Чухам ямар учраас нүдэндээ бэртэл авсан бэ?

-1969 онд хүүхэд байхдаа Халх голд автомашины осолд орж байсан. Тухайн үед нэг хүүхэд нас барсан санагдана. Ингээд 1978 онд оюутан байхдаа зуны ажлаар Хэнтийн Мөрөн суманд сургуулийн барилга барьж байгаад хавтанд цохиулж гэмтэл авсан юм. Энэ нь аажмаар хараанд нөлөөлсөн.

-Одоо яг нүдний чинь харах байдал ямар байна?

-Зүүн талын нүд харахаа больсон. Баруун нүд хатингаршилтай, торлог бүрхэвч нь цоорсон байдалтай байна.

-Тайландад эмчлүүлэхэд яг хэчнээн төгрөг хэрэгтэй байгаа юм?

-25 сая орчим болж байгаа.

-Та сард хэчнээн төгрөгийн грүппийн мөнгө авдаг вэ?
-Сард 180300 төгрөг халамжаас авдаг. Эхнэр 220 мянган төгрөгийн цалинтай. Нэг хүүтэйгээ амьдардаг. Тэтгэвэрт гараагүй болохоор мөнгө авдаггүй.

-Тайландад эмчлэхэд яг 100 хувь эдгэх магадлалтай юу?

-Эмчилгээ их сайн гэсэн.

-Монголд болохоор ямар ч эмчлэх боломжгүй юм уу?

-Монголд болор л хийдэг. Торлог нөхдөггүй юм байна. Эмч нарын зүгээс эмчлэх боломжгүй гэсэн.
Хандивын данс: Хаан банк 5421186230
Утас: 95812542

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ