13 бугын хэрэг прокурорт шилжжээ

Дархан цаазтай Хустайн нуруунаас өнгөрсөн оны тавдугаар сард 13 буга хууль бусаар агнасан хэрэг гарч байсан билээ.

Тэгвэл энэ хэрэг прокурорт шилжээд байгаа.

Уг хэргийг эргэн сануулахад Цайз зах дээр ангийн эд эрхтэн авдаг, зардаг бүлэглэлийг илрүүлж Дархад Бямбаа хочит Хөвсгөлийн Баянзүрх сумын иргэн П.Бямбаа, Увс аймгийн харьяат Н.Бямбадорж нар болох дээрх хэргийн гол буруутнуудыг  илрүүлсэн. Дархан цаазат газарт алагдсан 13 буга дотор янзагалах дөхсөн согоог алж савыг нь хүртэл авсан байдаг. 
Хэрэг үйлдэх үедээ шөнийн цагаар хамгаалалтын бүсээс тууж гаргаад мотоциклийн гэрэл тусган буудсан байдаг. Мөрдөн байцаагч нар бугын сүүл 86, цусан эвэр 64, чив 12, ясан эвэр 2.5 тонн, хүдрийн заар 10, хүрэн баавгай савар 28, баавгай арьс хоёр, шилүүсний толгой зургаа, арьс гурав, идлэг шонхор долоог хууль бусаар агнасныг илрүүлэн шалгажээ. Манайд буга агнах тусгай зөвшөөрөл байдаггүй учир дээрх бүлэг этгээдүүд нууцаар орон нутаг дамнаж хөвчийн тайгаас ч буга агнадаг байснаа хүлээн зөвшөөрсөн байдаг юм.

Энэ хэрэг шалгагдаад жил орчим болж байна.

Учир нь  тухайн үед хэргийн нотлох баримт болох бугын чив, засаа, сүүл, хэл, цусан эвэр, сав зэргийг нь шинжилгээнд өгч, нарийн судлах шаардлагатай байдаг гэнэ. Мөн шалгахад нарийн ажиллагаа их орж байгаа талаар  прокурор П. Халиун тайлбарлалаа.  Ямар  ч байсан манайд энэ төрлийн гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа нь хууль нь сул байгаагаас, мөн иргэдийн гар дээр зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй буу их байдгаас шалтгаалдаг байна.

С. Заяа

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ