ЭМЯ дампуурчээ

Хэзээ хийсэн үйлийн үр юм бол доо, хөөрхий. Энэ үг өнөөгийн ЭМЯ-нд яг таарна. Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө бодлого боловсруулдаг гэх эл яамны бодлого алдагдаж, мэргэжилтнүүд нь ер юу хийдэг нь ойлгогдохоо байжээ. Ганцхан жишээ татахад л хангалттай санагдана. ХСҮТ, ХААН банк, МҮОНРТ хамтран “Хавдрын эсрэг аян өрнүүлээд гурав дахь жилийнхээ нүүр үзэж байна. Үр дүнгээ ч өгч байна. Ийм хэмжээний бодлогыг уг нь ЭМЯ боловсруулаад, ХААН банк ивээн тэтгэж, ХСҮТ-ийнхөн ажлыг нь гүйцэтгэж, МҮОНРТ орон даяар сурталчилах ёстой юм шүү дээ. Тэгтэл байдаггүй ээ. Сүүлийн үед ердийн хэрэглээний эм, эмийн бэлдмэлийн үнэ “нар”-нд хүрсэн нь нэн аюултай үзэгдэл болов. Хоол, хүнсний үнэ өсөх яах вэ. Эрүүл улс ганц нэг хоног мацаг барьчихад онцын аюул байхгүй. Харин ч сайн байж мэдэх. Яаж туръя даа хэмээн өдрийн бодол, шөнийн зүүд болсон зарим нөхдөд тустай ч байж болох шүү дээ.

Харин эмийн ханш өсөх нь өвчтэй хүмүүсийг, тэр дундаа өтгөсийг “үх” гэсэнтэй адил болов. Авдаг цалингүй, тэтгэврээс өөр орлогогүй тэд хаашаа харж үхэх болж байна вэ. Зарим эмийг 80 хүртэл хувь хямдруулах болов. Төлөөсийг нь улсын төсвөөс гаргаад, нэр бүхий эмийн сангуудад хүргүүлсэн. Та өрхийн эмчээрээ жорыг нь бичүүлээд очвол 10.000 төгрөгийн эмийг 2000 төгрөгөөр авна гээд сүржигнээд байсан хаачив аа. Баримт нэхэх байх л даа. Бичиглээчийн ээж 80 настай хөгшин бий. Даралт ихэсдэг, хоёр хөлийн өвдгөөр шархирдаг өвчтэй. Өвчин намдаах диклоденк, даралт бууруулах амлоденк гэх хоёр эмийг хоол шиг иддэг хүн. Энэ хоёр эм 10 ширхэг нь 2400, 6000 төгрөгийн үнэтэй байснаа одоо 3500, 9000 төгрөгөөр зарах болжээ.

Баянгол дүүргийн 17 дугаар хороонд орших “Мөнгөлөнгоо” өрхийн эмнэлгийн эмч нараар жор бичүүлээд хямдруулсан эм ч авдаг байв. Саяхан жороо бичүүлээд очтол эмийн сангууд хямдруулсан эм олгохгүй гэжээ. Учрын лавлавал, эмийн үнэ өссөн тул төрөөс өгсөн мөнгөөр олгох боломжгүй болсон. Зөрөөг нь хэрхэхийг шийдээгүй байна хэмээжээ. Ахмадын тодотголтой хоёр эмийн сангаар очвол үнэ нь энгийн эмийн сантай адил байх юм гэнэ. Өмнө нь ахмадууддаа арай хямд үнээр эмээ өгдөг байсан юм билээ. Үүнийг тодруулж, уншигчдадаа хүргэхээр ЭМЯ-аар оров. Эмийн асуудал хариуцсан мэргэжилтэнтэй нь уулзах гэвэл Хэвлэлийн төлөөлөгч нь гэх бүсгүй хавьтуулдаг юм биш. Ийм тийм семинартай гээд уулзуулсангүй. Утасны минь дугаарыг авсан боловч холбоо бариулсангүй. Уг нь эдний Төрийн нарийн бичгийн дарга Д.Эрдэнэтуяа сэтгүүлчидтэй хамтарч ажиллана гээд биднийг хүлээн авч байсан юмсан. Даанч хэвлэлийн төлөөлөгч нь ёстой л шаврын хаалт болж суух юм. Ганц энэ ч биш. “Дэлхий нийтээр тамхи татахгүй өдөр”-ийн талаар мэдээлэл авахаар очиход, хариуцсан мэргэжилтэн Д.Байгальмааг гадуур ажилтай гэсэн. Яг гарахын даваан дээр өнөөх мэргэжилтэн нь өөрөө буугаад ирсэн удаатай. Эмнэлгийн удирдлагуудын асуудлаас эхлээд л бүдэрсэн ЭМЯ үндсэндээ дампуурчээ.

Г.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ