Төрийн муугаас ажлаасаа хоцорчихлоо...

Монголчууд бол улс төр гэхээр л хуйларч гүйгээд ухаанаа алдах шахдаг хүмүүс. Орой хоолондоо холиод хийчих маxаа худалдаж авч дийлэхгүй байж л нөгөө сонины захиалгаа харин ч бол таслахгүй төлөөд байна. Ингээд бодоод байхнээ хүн бүр улстөрждөг юм байна шүү дээ.
Өглөө бослоо, ажлаасаа хоцрох нь тодорхой боллоо шүү, унтчиж! Төр засаг олигтойхон ажлаад эртхэн хүн явуулаад сэрээлэгцэн бол би хоцрохгүй шүү дээ. Төрийнхөн аягүй муу ажиллаж байгаа байхгүй юу. За тэгээд автуусанд чихэлдэж, энэ тэр танихгүй хүмүүстэй нийлж эдийн засаг, улс төр, импляци, автусны билетны үнэ их, багыг ярьж явсаар ажлынхаа хажууд ирлээ. Төр засаг олигтойхон ажиллаад цалин мөнгө олигтой авдаг байсан бол би юу гэж автуусанд чихэлдээд явж байхав дээ. Машин авчихсан байхгүй юу. За автууснаасаа буугаад ажилруугаа зам товчилж харайлгаж байгаад төмөр хашаан дээгүүр үсрээд өмднийхөө салтааг ураад хаячлаа. Эргэн тойрноо харлаа, төр засгаас нэг ч хүн алгаа. Төрийнхөн маань өдийд л гүйж ирээд өмд оёж өгөх ёстойш дээ уг нь. Хаачив тэд? Төр ажлаа хийж чадахгүй байгаа юм чинь огцруулаад шинэ төр байгуулчихвал дээрдэж магадгүй. Дээрдэхгүй байлаа гэхэд солиод авна гэдэг чухал шүү. Маргааш хөдөлгөөн байгуулж жагсаал хийнээ...
Монголчууд бид маш ихээр улстөрждөг. Улсболон төрийн талаар мэдэхгүй, ярихгүй хүнгүй бас аль нэгэн намын гишүүн бус хүн ч цөөхөн. "Чи улстөрөөр оролдохгүй бол улс төр чамайг оролдоно" гэдэг хэллэг өнөө цагт Монгол оронд минь биеллээ олжээ. Өөрөө хичээгээд сайхан амьдрахыг оролдох авч хүссэн хүсээгүй төрийн хүнд суртлын тогтолцоотой зууралдах болдог. Яг л жонхуу шиг.
Хоёр шалтгаан байна. Нэгдүгээрт бидний амьдралд улстөрийн нөлөөлөл дэндүү их байна. Ажилд ороход, албан тушаал дэвшихэд, бизнес хийхэд, бичиг баримт бүрдүүлэхэд, тендерт ялахад, зээл авахад намын харьяаллаар ялгаварлан гадуурхана. Ямар ч асуудлыг хуулийн хүрээнд шударгаар шийдвэрлэнэ гэдэгт хүн болгон л эргэлздэг учраас заавал "танилын нүүр халуун" гэдгийг ашиглахыг хүснэ. Энэ нь авилгал хээл хахуулын далд сүлжээг бий болгож орхидог. Тэгэхээр хүссэн хүсээгүй аль нэгэн намд гишүүн байхаас өөр сонголт үгүй.
Хоёрдугаарт бидний амьдрал ядуу байгаа учраас улстөрийг сонирхоно. Бензиний үнэ болон төсвийн албан хаагчдын цалин нэмэгдэхэд бүх зүйлийн үнэ нэмэгддэг зуршилтай Монгол оронд, үүнээс болж амьдралын баталгаажих түвшингээс доогуур амьдралтай хүмүүсийн тоо улам бүр нэмэгдсээр байгаа. Хүссэн зүйлээ боломжийн үнээр худалдаж авч чадахгүй байгаадаа бухимдсан хүмүүс төрийг харааж эхэлнэ. Харин Төр үүнийг "аргалах"-ын тулд 21000 төгрөг тарааж, сая сая төгрөг бас их хэмжээний хувьцаа амласан. Ажил олж хийн амьдралаа дээшлүүлэхийг хүсч байсан хүмүүс одоо" бага мөнгө өгч байна" гэж харааж байна.
Заxын нэг бацаанаас том болоод ямар мэргэжилтэй болмоор байна гэж асуувал цаадах нь хариулаxдаа дарга, улс төрч, ерөнхийлөгч болмоор байна гэнэ. Нөгөө эмч, инженер, сансрын нисгэгч энэ тэр бол байхгүй. Дарга л болж байвал ер нь юуных ч байсан хамаагүй. Байрны дарга уу, хороо хорины дарга уу, xотын дарга уу, яамны сайд уу, эсвэл бүр их хурлын гишүүн үү? Хамаагүй ш дээ. Дарга л бол дарга. Бацааны буруу бас биш юм. За тэгээд залуус, дүү нартаа захиxад битгий л дарга болж үз, эсвэл улс төр гэсэн заваан шавхайн дотор холилдож ёроолд нь амьдардаг шанаган хорхойнууд шиг амьдралаа битгий үр. Наад заx нь чамаас хүн юм гуйгаад зүгээр явуулахгүй шүү.
Өндөр хөгжилтэй гадаадын орнуудын иргэд яагаад бидэнтэй адилхан улстөрждөггүй юм бэ? гэвэл тэдний дийлэнх нь улстөрөөс хамааран савладаггүй дундаж түвшний амьдралтай байдагт юм гэнэ.Тэд өөрсдийн босгосон амьдралдаа сэтгэл хангалуун байдаг болохоор уур уцааргүй эелдэг, бусдыг хүндэлж найрсаг харьцана. Улстөрийг тэгтлээ сонирхож улстөрчдийг заавал хараагаад байх хүсэл үгүй. Иргэнийхээ хувьд татвараа төлж, даатгалд даатгуулж, хэрэгтэй цагт бусдад болон эх орондоо чин сэтгэлээсээ тусалж чаддаг. Хэрэгжиж мөрдөгдөж байгаа хууль дүрмээ биелүүлж байхдаа айх айдас, шаналах шаналгаагүй тайван амьдарна. Баталгаатай ажил, тайван амьдрал тэднийг өөрийн ирээдүйгээ ямагт өөдрөг харж, үргэлж залуу байхад нь ч нөлөөлж байдаг. Мэдээж дээд түвшиндээ авилгал авсан болон хууль зөрчсөн үйлдлүүд гардаг хэдий ч энэ нь тэдний амьдралд огцом нөлөөлдөггүй болохоор, буруу муу үйлдлүүд нь хуулийн хүрээнд зөвөөр шийдэгдэх болно гэж итгэдэг учраас тэгтлээ хийрхэхгүй. Улстөрийн болон нийгмийн зөв тогтолцоо нь тэдэнд ийм боломжийг олгож байгаа болохоор тэд эх орондоо талархаж, эх орноороо бахархаж, төрийн далбаагаа хүртэл гэрийнхээ үүдэнд мандуулж байдаг юм гэсэн.
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ