Р.Батрагчаа Монголбанкийг шүүхэд өгчээ


“Инфрастракчер” ХХК-ийн гүйцэтгэх захирал, хуульч Р.Батрагчаа Монголбанкийг шүүхэд өгчээ. Учир нь Тээвэр хөгжлийн банкны 51 хувийн хувьцаа эзэмшигчээр “Оюунаа ундраа” компанийг бүртгэж аваагүй гэж. Уг нь Монголбанк хуулийн дагуу бүртгэхээс татгалзсан гэдгийг өмгөөлөгч Ц.Батрагчаа мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Харин эрхэм хууль ч маань хэр ёс зүйтэй ажиллаж байгаа юм бол.
Тэр Монголд Кипрээс оруулж ирсэн бохир мөнгө угаасан Швейцарийн иргэн В.И.Арминий өмгөөлөгч төдийгүй “Инфрастракчер” компанийнх нь захирлаар ажиллажээ. Үүнийг 2010 оны дөрөвдүгээр сард Монголын Өмгөөлөгчдийн холбооны Сахилгын хорооноос Тээвэр хөгжлийн банкны дэд захиралд ирүүлсэн албан бичиг нотолно. Түүнд өмгөөлөгч Р.Батрагчааг эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 2010 оны 3-р сарын 17-ны өдөр байгуулан ажиллаж, түүнээс есхоногийн өмнө “Инфрастракчер” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон болох нь тогтоогдож байна гэжээ.
В.И.Армини гадаадын банкнаас буруу гарын бохир мөнгө оруулж ирээд Монголд оршин сууж байгаа ОХУ-ын харьяат нэр бүхий 30 иргэний нэр дээр хадгаламжийн дэвтэр нээлгэж, түр хугацаагаар хадгалуулаад дараа нь иргэний хадгалуулсан мөнгө мэтээр буцаан шилжүүлэх замаар нийт 300 сая ам. доллар угаажээ. Тиймээс В.И.Арминийг Монголын цагдаагийн байгууллага саатуулан шалгаж байсан боловч яагаад ч юм хугацаанаасаа өмнө суллагдаж, хэн нэгний дэмжлэгтэйгээр хууль бусаар хил даван одсон. Өмнө нь Нийслэлийн прокурорт Тээвэр хөгжлийн банкнаас (2011.04.21) В.И.Арминийг ёр юм шиг хилээр гаргахгүй саатуулж өгөх хүсэлт гаргаж байж. Хариуд нь Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Г.Мижиддорж (2011.04.22) уг хүсэлтийг хангахаар шийдвэрлэснээ мэдэгдсэн байна. Гэсэн ч эрхэм прокурор хэлсэн амандаа хүрсэнгүй.
Энэ зун “Оюуны ундраа” ХХК-ийн ерөнхий захирал С.Амарсайхан оргодол В.И.Арминий “Инфрастракчер” компанийг хариу төлбөргүйгээр бэлгэнд авсан гэх 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан гэрээ гаргаж ирээд Тээвэр хөгжлийн банкны 51 хувийг эзэмшинэ хэмээн бараа бологсдоо дагуулан ирж баахан бужигнуулжээ. Уг нь Бэлэглэлийн гэрээг авсан, өгсөн хоёр этгээд амьдаараа зэрэгцэн сууж байгаад хийдэг олон улсын хууль журам байдаг юмсанж. Хачирхалтай нь ноён С.Амарсайхан (Е1008184), өмгөөлөгч Р.Батрагчаа (Е0743571) хоёр тэр өдөр зөвхөн Монголдоо байсныг Хилийн албаны лавлагаа баталж байна. Мэдээж оргодол В.И.Армини Монголын цагдаагийн аманд орохоосоо айлгүй гүйж ирээд гэрээ байгуулчихсан гэвэл ёстой санасны гарз. Ингээд хаана, хэзээ, ямар хэл дээр мөнөөх Бэлэглэлийн гэрээ байгуулсан гэдэг нь ихэд бүрхэг хэвээр. Ийм гэрээг баталж байдаг нотариат ч гэж нотариат.
Мөн өнгөрсөн онд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 149 дүгээр тогтоолын дагуу УБЕГ-аас “Инфрастракчер” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч “Оюуны ундраа” ХХК-ийг бүртгэлээс хасч, Швейцарь улсын иргэн В.И.Арминийг 100 хувийн хувьцаа эзэмшигчээр сэргээн бүртгэжээ. Тийн атал өмгөөлөгч Р.Батрагчаа Монголбанкийг юунд буруутгана вэ. Тэрээр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар “Өмгөөлөгч багшлах, эрдэм шинжилгээний болон өмгөөллийн хуулийн этгээд, Хуульчдын холбоонд хамаарахаас бусад ажил, албан тушаалыг цалинтай хавсран эрхлэхийг хориглоно” гэсний дагуу “Инфрастракчер” ХХК-ийн захирлын ажлаасаа татгалзсан болов уу яасан бол.
Харин саяхан байгуулагдсан Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо энэ мэт төөрч мунгинасан нэгнээ эрхбиш ариун замд оруулах болов уу.
Х.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ