Д.Дондогийн хэргийг дахин шалгахаар болов

Авлигад авсан их хэмжээний мөнгийг сонгуулийн сурталчилгаанд ашиглаж, УИХ-ын гишүүний сэнтийд заларсан гэх Д.Дондогийн хэргийг өнөөдөр Нийслэлийн шүүхэд хянан хэлэлцэж, анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хэвээр үлдээлээ. Өөрөөр хэлбэл, Д.Дондог нарын хэргийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газарт дахин шалгана гэсэн үг юм. Өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд Сүхбаатар дүүргийн шүүхэд Д.Дондогийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, ихээхэн хэмжээний мөнгө завшсан хэмээн шүүсэн юм. Гэвч нэмж тодруулах зүйл бий, нотлох баримт хангалтгүй гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалт буцаасан билээ.

Харин энэхүү шийдвэрийг улсын яллагч хүлээн зөвшөөрөхгүй эсэргүүцэл бичээд байсан билээ. Гэвч улсын яллагчийн эсэргүүцлийг Нийслэлийн шүүхээс үндэслэлгүй хэмээн үзсэн учраас Д.Дондогийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, дахин шалгахаар боллоо.

Түүнийг Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, онц аюултай гэмт хэргийг зохион байгуулалттайгаар бүлэглэн үйлдсэн, энэ хэргийн улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр буруутгаж буй. Хэрэв түүний гэм буруутай нь тогтоогдвол шүүхээс эд хөрөнгийг нь хурааж, 10-15 жилийн ял оноох юм.

Мөрдөн байцаалтын явцад Д.Дондог нь өнгөрсөн 2008 оны хоёрдугаар сарын 8-нд өөрийн шадар туслах Г.Сайнбаяртай хамтран “Меридан” гэх компанид орон сууц барих газрын зөвшөөрөл гаргаж өгөх нэрийдлээр 242 мянган ам.доллар буюу 400 орчим сая төгрөг залилж, сонгуулийн сурталчилгаанд ашигласан гэдгийг тогтоогоод байгаа. Түүний залилангийн хэрэгт туслах Г.Сайнбаяр, А.Батбилэг, Л.Мөнхсайхан, А.Ариунболд, Д.Баасанхүү нарын 10 гаруй хүнийг холбогдуулан сэжигтнээр татан шалгаж байгаа билээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ