Т.Бат-Эрдэнэ: Эрчим хүчний хэмнэлттэй зуух нийлүүлэхэд 14 сая ам.доллар зарцуулна

Нийслэлийн Засаг даргын Экологи ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Энэ жил Улаанбаатар хотын утааг бууруулахад хэчнээн тэрбум төгрөг төсөвлөсөн бэ?

-Өмнө нь Мянганы Сорилтын сантай хамтран хэрэгжүүлсэн төсөл өчигдрөөс дууссан. Харин энэ жил Дэлхийн банктай хамтран “Улсын нийслэлдээ утаагүй амьдарцгаая” гэсэн уриатайгаар төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Нийтдээ 15 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл байгаа. Үүнээс долоон сая ам.доллар болон Цэвэр агаарын сангаас долоо, нийтдээ 14 сая ам.долларыг эрчим хүчний хэмнэлттэй зуур нийлүүлэхэд зарцуулна. Улаанбаатар хотын хэмжээнд гэр хорооллын 200 мянга гаруй өрх байдаг гэсэн албан бус тооцоо судалгаа байдаг. 2011 оноос хэрэгжсэн утааг бууруулах төслийн хүрээнд үндсэн дөрвөн төрлийн эрчим хүчний хэмнэлттэй зуухыг хөнгөлөлттэй үнээр нийлүүлсэн. Нийтдээ 120 мянган өрхөд нийлүүлсэн гэсэн тооцоо судалгаа байгаа. Энэ 2013-2014 оны хооронд үлдсэн 45 мянган өрхөд хөнгөлөлттэй үнээр зуух нийлүүлэх бөгөөд энэ онд энэхүү төсөл дуусч нийт гэр хорооллын иргэдийг 100 хувь хангахаар ажиллаж байна. Энэ сарын 15-аас эхэлнэ. Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэйд байрлах 2-3 байнгын цэг, дүүрэг бүрт ажиллах 11 гэр цэгээр дамжуулан бүрэн шаталттай зуухыг борлуулахаар төлөвлөж байгаа аж. Хэрвээ гэр хорооллын өрхүүдийг эрчим хүчний хэмнэлттэй зуухаар хангаж чадвал утаа 50-60 хувиар буурах юм.

-Эрчим хүчний хэмнэлттэй зуухыг айл өрхүүдэд хэрхэн нийлүүлэх вэ?

-Өмнө нь энэ төрлийн төсөл хөтөлбөрт хамрагдаж байгаагүй болон тухайн хороондоо бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй өрх, гэр бүлд олгоно. Зах зээлийн үнэлгээгээр 370 мянган төгрөгийн үнэтэй байгаа зуухыг төслийн хүрээнд 29-36 мянган төгрөгөөр олгож байгаа. Энэхүү эрчим хүчний хэмнэлттэй зуухыг авсан өрх, гэрт манай хяналтын багийнхан жилийн турш хяналт тавьж ажиллана.

-Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэдээс ямар нэгэн бүртгэлгүй хүмүүс зөндөө байдаг. Эдгээр иргэдийг хэрхэн хамруулах вэ?

-Хуулийнхаа дагуу заавал оршин суугаа газраа бүртгүүлэх ёстой. Хэрвээ бүртгэлгүй бол төсөлд хамрагдах боломжгүй гэсэн үг.

-Өмнөх төслийн хүрээнд 100 гаруй хүний иргэний үнэмлэхийг канондож, хөнгөлттэй зуух авсан байсан. Ийм төрлийн дамлаж зардаг бизнес гарахгүй байх гэсэн үндэсгүй байхгүй. Иймд энэ зүйлд ямар хяналт тавих вэ?

-Олгож байгаа бүхий л эрчим хүчний хэмнэлттэй зуух кодтой байгаа. Хэрвээ дамлаж зарсан нь илэрвэл тухайн иргэнээр үндсэн үнэ болох 370 мянгыг төлүүлэх болно. Энэ талыг зохицуулах эрхзүйн баримт бичгийг ч боловсруулж байгаа. Баянзүрх дүүргийн хэсгийн ахлагч болон хорооны Засаг дарга нар үгсэн хуйвалдаж ийм төрлийн луйвар хийсэн нь илрээд байгаа. Эрүүгийн үүрэг үүсгэн УМБГ-т шалгаж байгаа.

-Эрчим хүчний хэмнэлттэй зуух тараахаас өөр ямар ажил хийж байгаа вэ. Өмнөх төслийн үр дүн харагдахгүй байна?

-Үүнээс гадна эрчим хүчээр халах системийг ч нэвтрүүлээд байгаа. Нэг хорооны 21 айлд энэхүү эрчим хүчээр халах системийг туршиж байгаа. Энэхүү системийн анх тавихад хөрөнгө мөнгө ихээр шаардаж байгаа. Нийслэл Улаанбаатар хотын хувьд жилдээ 15 мянган өрх шинээр нүүж ирдэг. Гэтэл эрчим хүчний хэрэглээ нэмэгдээд байхад түүнийг үйлдвэрлэж байгаа нь нэмэгдэхгүй байгаа. Энэ байдлаас үүдэн энэ системийг нэвтрүүлэхэд хүндрэл үүсээд байгаа. Мөн утааг бууруулах төслийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд маск тараасан. Гэвч төсвийн мөнгийг дэмий зүйлд үрлээ хэмээн шүүмжлэлд өртсөн.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ