Явган хүний зам дээр барилга барьж байна, Э.Бат-Үүл дарга аа

Нийслэл Улаанбаатар хотноо хамгийн үнэд хүрч байгаа зүйл бол мэдээж газар. Зарах, олгох газар дууссан ч цэцэрлэг, сургууль болон тоглоомын талбайг “дээрэмдэж” нэг хэсэгтээ л барилга барьсан. Одоо бараг барилга барих ч газаргүй болжээ. Гэтэл Баянзүрх дүүргийн 13 хорооны нутаг дэвсгэрт явган хүний зам дээр барилга барьж эхэллээ.

Бас болоогүй ээ, явган хүний зам дээр барьж байгаа мөртлөө барилгын хашаа ч татаагүй байсан юм. Хэрвээ барилгын хашаа татахаар явган хүн явах боломжгүй болж, авто зам руу орж татах хэрэгтэй болсон байх аа.

Уг барилгад тус хорооны Засаг даргын Тамгын газраас шаардах хуудас хүргүүлсэн боловч, одоогоор нь хариу нь ирээгүй байна гэсэн юм. Барилгын зөвшөөрөлгүй, эсвэл зөрчилтэй гэсэн үндэслэлээр шаардах бичиг хүргүүлсэн бөгөөд зөвшөөрөлтэй эсэх нь тодорхойгүй тул ийнхүү шаардах бичиг хүргүүлсэн гэв.

Өгсөн талбайгаа хойш биш урагш тэлж байгаа түүнд хариуцлага оноох албан тушаалтан байна уу.

Энэ талаар тус барилгын хамгаалагчаас тодруулсан юм.

-Барилгын ажил хэзээнээс эхэлсэн бэ?

-Өнгөрсөн онд барилгын ажил эхэлсэн. Одоо ч үргэлжилж байна.

-Хэний эзэмшлийн барилга вэ?

-За бараг хэнийх гэдгийг нь сонсоод буцах байх аа. Хэвлэлийнхэн ирээд л нэрийг нь сонсоод буцдаг. Хуучин Мэргэжлийн хяналтад барилга хариуцаж байсан, одоо Барилгын цэргийн ангид ажилладаг Балдан-Очир хурандаагийнх.

-Амины орон сууцын зориулалттай гэсэн?

-Үгүй ээ. Одоогоор гурван давхар хүртэл баригдаад байна. Уг зориулалт нь үйлчилгээнийх гэнэ билээ.

Энэхбүү барилгын эзэн Хурандаа Л.Балдан-Очир юм. Тэрбээр өмнө нь Нийслэлийн мэргэжлийн хяналтад ажиллаж байсан бөгөөд одоо Барилгын цэргийн 017 ангийн захирагч хийдэг. Түүний талаар өмнө нь "АН-ын сайд нар Засгийн газраас гарах өргөдөлөө өгсөн тэр өдөр Богд ууланд байрладаг Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн тусгай объектод Барилгын цэргийн 017 дугаар ангийн барьж байсан 400 сая орчим төгрөгийн үнэтэй модон барилга шатлаа хэмээн мэдээлэл цацагдаж байсан. Гэтэл уг барилгыг ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажавын найз хурандаа Л.Балдан-Очир нар хариуцаж байсан. Галын шалтгаан нь чанаргүй, хямд муу материалаар барьж,галын аюулын дохиолол ч суурилуулаагүй байснаас үүдэлтэй аж. Хамгийн сонирхолтой нь галын дохиололд зориулан 30 сая төгрөг төсөвлөсөн байсан боловч, эрхэм дарга нарт энэ мөнгийг зарцуулах нь хэтэрхий хайран байсан бололтой. Үүнээс гадна хуучин модон байшинг буулгаж,шинээр байшин барих төсөв мөнгийг төрөөс батлаж өгсөн байх юм. Гэвч Л.Балдан-Очирыг урдаа барьсан генералууд мөнгө хэмнэх, унагахаа илүүд үзжээ. Тэд хуучин байшингийн хана, дээврийг буулгалгүй барьж “төсөв” хэмнэсэн байх юм. Хуучин барилгын гаднах өнгө, дээвэрийг өөрчилснөөс өөр ажил хийсэнгүй, галын дохиололыг нь ч тавьж өгсөнгүй. Мөн үүнээс гадна энэхүү нууц объектод засвар хийх нэрээролон тэрбум төгрөгийг авсан, ямар ч тендер зарлаагүй , засварын ажлыг гүйцэтгэх эрхийг зөвхөн Барилгын цэргийн 017 дугаар анги аваад ажиллажбайгаа гэдэг мэдээлэл чих дэлсэж байна" хэмээн бичиж байжээ.

Ийнхүү "Өөх өгсөн хүнтэйгээ өглөө босоод заргалдана" гэдгийн адилаар барилга барих талбайгаа явган хүний замаар тэлж, барилгын аюулгүй байдлыг хангахгүй байгаа энэ эрхэмд холбогдох байгууллага нь хяналт тавьмаар байна.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ