Импортлогчид шатахууны үнийг нэмэх хүсэлт гаргажээ

Газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн хэлтсийн дарга Л.Раднаасүрэнгээс дизелийн түлшний нийлүүлэлт болон шатахууны үнийн талаар тодрууллаа.

-Зарим шатахуун түгээх станцууд дизелийн түлш дууссан гэсэн зар хаджээ. Дизелийн түлш хомсдсон хэрэг үү?
-Ховордох учиргүй. Манай улс сард 45 мянган тонн дизелийн түлш импортолдог. Нийлүүлэлт тасраагүй, хэвийн явж байна. Компаниуд сарын хэрэгцээг хангах дизелийн түлш нөөцлөх ёстой. Үүнийгээ нөөцөлсөн. Улсын нөөцөд ч дизелийн түлш бий. Нөөцтэй учраас ховордох шалтгаан байхгүй.

-Тэгэхээр ургац хураалтад хэрэглэх дизелийн түлш хангалттай юм байна.
-Хангалттай. Угаасаа ургац хураалтад бага түлш зарцуулдаг. Хаврын тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалт нийлээд долоон мянган тонн дизелийн түлш хэрэглэдэг юм. Нөөцийн хувьд санаа зоволтгүй. Харин ам.долларын ханш өссөнөөс шалтгаалж импортлогч компаниуд алдагдал хүлээж байна. Ам.долларын ханш долдугаар сараас хойш 300 төгрөгөөр өсчихлөө.

-Монголбанкнаас валютын форвард хэлцлээр шатахуун импортлогчдод ам.доллар нийлүүлж байгаа. Энэ нь импортлогчдыг ханшийн эрсдлээс хамгаалахгүй байна уу?
-Ханшийн эрсдэлийг 100 хувь хааж чадахгүй байгаа. Жишээ нь, нэг компани 10 сая ам.доллараар шатахуун импортлох гэхэд Монголбанк 60 хувийг нь форвард хэлцлээр нийлүүлж байна. Тэгэхээр тухайн компани үлдсэн 4000 ам.доллараа зах зээлийн үнээр худалдан авч таарна. Аравдугаар сард шатахуун худалдаж авах ам.долларыг 1600 төгрөгөөр тооцон авахаар форвард хэлцэл хийсэн. Монголбанкны форвард хэлцлийн ханш ч ам.долларын зах зээлийн ханшаа дагаад өсч байгаа.

-Форвард хэлцлийн ханш өссөн нь шатахууны үнэ өсөх магадлалыг өндөрсгөж байгаа юу?

-Импортлогч компаниуд шатахууны үнийг нэмэх хүсэлтээ Уул уурхайн яам, Шударга өрс өлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон манай газарт аль хэдийнэ гаргачихсан. Засгийн газар, Монголбанк шатахууны үнийг тогтвортой байлгах арга хэмжээ авахаар ажиллаж байна. Монголбанкнаас форвард хэлцлийн ханшийг буулгахаар тооцоо судалгаа хийж эхэлсэн. Мөн импортлогчдын шатахуун худалдаж авах ам.долларыг 100 хувь форвард хэлцлээр нийлүүлэх боломжийг судалж байгаа.

Т.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ