Хэлмэгдүүлэлтэд өртсөн 31 мянга гаруй иргэнийг цагаатгажээ


Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн нэр төрийг сэргээн цагаатгах ажил 1939 оноос эхэлсэн ч 1990 оноос цагаатгах ажил улам эрчимжиж, улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн 31 мянга гаруй иргэнийг цагаатгажээ. Одоо ТЕГ-ын тусгай архивт 800 гаруй хэргийг шалгаагүй үлдсэн байна.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос санаачлан улс төрийн хэлмэгдлийн талаар хойч үедээ таниулах зорилгоор эрдэм шинжилгээний олон хурал зохион байгуулав. Үүнд МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга, МҮЭ-ийн Төв Зөвлөлийн дарга Жамбын Лхүмбийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан Өвөрхангай аймагт, их сэтгэгч, соён гийгүүлэгч Содномбалжирын мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан “Утга зохиол, урлаг” сонинтой хамтран “Лхүмбийн хэрэг-80 жил” эрдэм шинжилгээний бага хурлыг Хэнтий аймагт зохион байгуулав. Мөн хилийн гадна бусдаас онцгой байдлаар ял эдэлж буудуулсан Монгол иргэд буюу “Гэндэн, Дэмид” нарын зохиомол хэрэг, “Лоохууз, Нямбуу, Сурмаажав, Дашнамжил нарын намын эсрэг бүлэг” гэгч хэргийн талаарх хурлыг нэрлэж болно.
Цагаатгалын хуульд өөрчлөлт оруулах талаар төрийн бус байгууллагууд болон ард иргэдээс олон санал хүсэлт иржээ. Ялангуяа хураагдсан эд хөрөнгөө нэхэмжлэх, хэлмэгдүүлэлтийн үр дагаврыг арилгуулах, нөхөн олговрын мөнгөний хэмжээг одоогийн ханшаар тооцож олгуулах,жил бүр нэг удаа буцалтгүй мөнгөн тэтгэмж олгуулах, тэтгэврийн хэмжээгээ нэмэгдүүлэх, хэлмэгдэсдийн үр хүүхдүүдэд улсаас үнэ төлбөргүйгээр орон сууц олгуулах зэрэг санал тавьжээ.
Мөн хугацаа нь дуусгавар болсон хуулийн хоёр заалтыг сунгах, бусад хууль болон журмын дагуу өөрчлөлт орсон заалтыг ерөнхий хуультайгаа уялдуулан өөрчилж, зарим байгууллагуудын нэр томъёоны өөрчлөлтийг оруулахыг хүссэн байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд нэг удаа олгодог мөнгөн тусламж, нөхөх олговор болон нийгмийн халамжийн үйлчилгээ хүргэх талаар нэмэлт оруулах талаар санал ихээр иржээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ар гэрийнхэн хэлэхдээ, Халх голын дайны ахмад дайчин бүрт 50 сая, шинэ Үндсэн хууль батлалцсан депутат бүрт 70 сая төгрөгийн тэтгэмж олгосон атлаа аймшигт хэлмэгдүүлэлтэд өртөж насан туршдаа зовж шаналсан иргэдийн ар гэрт ийм хэмжээний тэтгэмж нөхөн олговор олгох ёстой гэж үзэж байна. Нэн ялангуяа улс төрийн хэлмэгдүүлэлтэд хамгийн ихээр өртсөн Хэнтий аймгаас улс төрийн хилс хэрэгт татагдан цагаатгагдсан 2654 хүний 1370 нь лам хувраг, тэдний дотор 690 гавж цолтон байжээ. Тэгвэл өдгөө Монгол оронд шашны энэ зэрэг зиндаанд 10 гаруйхан лам байдаг ажээ.
И.Байгалмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ