Шүлхийн вакцин үйлдвэрлэхэд Аргентин туслана

Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Аргентин Улсын Элчин сайд Густаво Альбертог өчигдөр хүлээн авч уулзаж, хоёр орны цаашдын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо. Аргентин улс хөдөө аж ахуйн салбартаа түшиглэн хөгжиж ирснээрээ манай улстай төстэй, мөн малын шүлхий өвчинтэй тэмцэх технологи нь олон улсад үнэлэгддэг онцлогтой. Аргентин Улсын Элчин сайд уулзалтын үеэр өөрийн орныхоо энэ технологийг БНХАУ-д нэвтрүүлж, шүлхийн вакцин үйлдвэрлэх гэж байгаагаа дуулгаад, Монгол Улстай энэ чиглэлээр хамтран ажиллах тодорхой санал тавьсан юм. Аргентин улсын хувьд шүлхийн вакцинтай, вакцингүй чөлөөт бүс гэж байдаг тухайгаа Элчин сайд нь дурьдлаа. Цаашид манай улсад байгаа цорын ганц малын эм бэлдмэл үйлдвэрлэх зориулалттай Биокомбинатад тус улсын энэ туршлагыг нэвтрүүлэх боломжийг анхаарч судлахаар боллоо.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ