Иргэд тарьсан ойгоо төрд худалдаж байна

БОНХЯ-наас ногоон хөгжлийг цогцлооход иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байна. Энэ талаар төрийн дэмжлэгийг чиглүүлж, хууль эрх зүйн орчныг шинэчлэхэд зарим алхам хийсэн байна. Юуны өмнө мод, модон материалыг гааль, НӨАТ-аас чөлөөлжээ.
Гадаадаас импортолж буйтууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу угсрахад бэлэн барилгын угсармал хийц, банз, дүнз, гуалинг гаалийн албан татвараас чөлөөлөв. Мөн иргэд, аж ахуйн нэгж ойн зурвас, ургамлын цэцэрлэг байгуулах, голын эх, эрэг дагуу мод тарьж, төгөл, баянбүрд байгуулбал ажил үйлчилгээг нь НӨАТ-аас чөлөөлөх юм. Үүнд ойн аж ахуй, хамгаалал, цэцэрлэгжүүлэлт зэргийн ажил үйлчилгээ ч хамаарах ажээ.
Энэ нь Улаанбаатар, бусад суурин газарт модон бүтээц хийцтэй канад, оросзагварын байр сууц олноор барихад дэмжлэг болох төдийгүй модон эдлэл үйлдвэрлэл өргөжиж, ажлын байр нэмэгдэн, аж ахуйн нэгж, ажиллагсдын орлого нэмэгдэнэ. Жилд гаднаас авах модны хэмжээ нэмэгдсэнээр Монголын ойн санг хамгаалж, хулгайгаар мод огтлох хууль бус үйлдэл багасна.
Төр иргэдийн тарьсан модыг худалдан авдаг болов. Энэ оны дөрөвдүгээр сард Увс аймгийн иргэн Х.Тэсхүү дөрвөнга газрын таримал ойгоо төрд нэг сая 197 мянган төгрөгөөр худалдав. Мөн У.Уламбаяр нарын 20 иргэн нийт 39.5 га газарт тариалсан ойгоо улсад 12 сая гаруй төгрөгөөр зарсан байна. Монгол орны ойн сан ч төдий хэмжээгээр нэмэгдэв. Дарханчууд ч таримал ойгоо худалдсан жишээг олноор нь нэрлэж болно.
Иргэн, байгууллага өөрийн эзэмшлийн газраа тарьсан таримал ой, модыг өмчлэх эрхтэй болов. Нэг ёсондоо таримал ой, мод үл хөдлөх хөрөнгөд бүртгэгдэн, үнэлгээжиж эхэллээ. Тус яамнаас түймэрт шатсан, хортонд нэрвэгдсэн ой, модны нөөц, байршлийн судалгааг хийж, ой цэвэрлэх бизнес төслийг боловсруулж дуусчээ.
Цаашид төмөр замын дэрэнд мод хэрэглэхийг хориглов. Жил бүр 25 мянган шоо метр ногоон модыг дэр хийхээр огтолдгийг зогсоожээ. 2014 оноос эрчим хүчний шонгийн тулгуурт мод хэрэглэдгийгболиулснаар жилд 15000 шоо. метр ногоон модыг хамгаалах юм. 2014 онд БОНХЯ Германы хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран Монгол Улсын бүх ойн сангаа зэрэг тоолж, нөөцөө тодорхойлно.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ