ЭМЯ-ыг хэн дампууруулав

ЭМЯ хэрхэн дампуурсныг бид өчигдөр мэдээлсэн билээ.Тэгвэл хэн, хэзээ, хэрхэн дампууруулж буйг одоо хэлээд өгье. Уг нь бүр социализмын үеэс улбаатай нь мэдээж. Энэ салбарынхан тэр цагаас л хүнд суртал, хээл хахуульд идэгдсэн юм. “Энэрэнгүй үйлстэн”, “Цагаан нөмрөгт баатрууд” цолтой эднийхэн тэгэхэд л гар харсаар байгаад сайхан нэрээ бүр хоч болгуулсан түүхтэй.

Ардчиллын “буян”-аар тэр нь арилах бус улам цэцэглэжээ. Гар хүндрүүлэхгүй л бол тулгар эх төрөхгүй, хүнд өвчтөн сэхэхгүй болсон юм даа. Хөдөлж ядаад байсан сувилагчид бяцхан “набор” гардуулчихад л нүүр нь туяараад, тариа бариад гүйдэг, хөшингө эмчид нь “дугтуй” атгуулчихаар босоод ирэх жишээтэй. Бүр ханштай ч болоод авсныг иргэд олон жилийн өмнөөс мэднэ дээ. Хагалгааны хүнд, хөнгөнөөс болоод дугтуйн доторхын тоо хэлбэлзэх нь мэдээж. Энэ бүхнийг хянадаг, шийддэг газар нь мэдээж ЭМЯ. Тэнд зөвхөн хуурамч “бодлого” боловсруулах бус энэ мэтийг жинхэнэ бодлогоор зохицуулах ёстой. Тэгтэл тэр нь энэ Засгийн газар, түүний сайд Н.Удвал, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарын үед туйлдаа хүрэх тавилантай байж. Өмнөх удирдлагуудын үед арай амьсгаатай, амь тэмцэж байсан юм уу даа. Нэг ёсондоо эл яамыг эд нар л дампууруулав.

Шинэ төрсөн нярайг халуун усаар шалзалдаг, эмнэлгийн багажаа буруу хэрэглэн тархи, толгойг нь гэмтээдэг, хагалгаа хийгээд хэвлийд нь уртаас урт самбай орхиод оёчихдог, өвчтөнөө элдвээр доромжилдог/”Төрж чадахгүй юм бол яах гэж ирсэн юм” хэмээн анхны төрөгчийг эмч нь загнасан тухай мэдээ хэвлэлээр өчигдөрхөн цацагдав/, эмч нар нь согтуу байдаг, өрөөндөө тамхи татдаг гээд л эмнэлгийнхний танхайрал ар араасаа цуварна. Зөвхөн мэдэгдэж байгаа нь энэ. Алс бөглүү газар юу болдгийг хэн мэдлээ. Н.Удвал сайд болоод удлаа. Монгол Улсын түүхэнд анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн эмэгтэйгээр мөнхрөв. Ард түмэн түүнээс ихийг харж, хэвлэлийнхэн бид ч ихэд дэмжиж байсан маань ийнхүү талаар боллоо. Хэдэн эмнэлгийнхээ дарга нарын асуудлыг шийдэж огт чадалгүй өнөө хүрлээ. Ийм хачин юм бас байдгаа. Шилдэг эмч нараар эмнэлгүүд дутаагүй дээ, уг нь. Хотын нэг эмнэлгийг аваад явчих аавын хүү, ээжийн охин хаа мундаа аж. Зөвхөн улс төр, намчирхал л тээг болоод байгаа нь ойлгомжтой. Энэ заваан залхаг байдлаас нэн даруй салахгүй бол “Эрүүл монгол хүн” сөнөнө, үгүй болно доо. Далимд хэлэхэд, сэтгүүлчдээс зугтдаг яам болоод буй. Сэтгүүлчдээс зугтдаг газрын ард их юм байдаг. Эдний ажилтнууд, хэвлэлийнхэнтэй харьцдаг алба нь ийм байдалд хүргэснийг өгүүлэх нь зүйн хэрэг байх аа.

Г.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ