Ерөнхий сайдын албан ёсны айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Япон улсад хийх албан ёсны айлчлал өнөөдрөөс эхэлж байна.Айлчлалын хүрээнд тэрбээр Японы талтай хийж байсан таван удаагийн зөвлөлдөх уулзалтын үр ашгийг дээшлүүлэх, санхүүгийн байгууллагын тогтолцоо, чадавхийг сайжруулах, аялал жуулчлал хөгжүүлэх талаар тус улсын талтай хэлэлцэхийн сацуу Японы томоохон компанийн төлөөлөгчидтэй уулзах юм. Түүнчлэн Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ-тай “Монгол Японы стратегийн түншлэлийг бэхжүүлэх дунд хугацааны хөтөлбөр” баримт бичигт гарын үсэг зурах аж. Ерөнхий сайд Н.Алтанхуяг айлчлалын гурав дахь өдрөө Япон улсын эзэн хаан болоод парламентийн хоёр танхимын даргад бараалхах юм байна. Мөн Японы гадаад худалдааны томоохон агентлагийн нэг болох “Жетро”-д очиж Монголын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар лекц унших аж.
Түүнчлэн Ерөнхий сайд Японд амьдарч буй Монгол иргэдийн төлөөлөл болох 150 орчим хүнтэй уулзалт хийх юм. Албаны мэдээлж буйгаар Япон улсад Монголын 5600 орчим иргэн ажиллаж амьдардаг аж.
Албан ёсны айлчлал энэ сарын 14 хүртэл үргэлжилнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ