Ё.Лхагвасүрэн: Хар тамхинд донтвол шартсанаас 10 дахин илүү зовно

Цагдаагийн байгууллага мэргэжлийн байгууллагатай хамтраад энэ намар мансууруулах үйлчилгээтэй өвс ургамлыг устгах ажил хийсэн. Гэвч сүүлийн үед мансууруулах төрлийн үйлчилгээтэй өвс насанд хүрээгүй хүүхдүүд хэрэглэсэн, мөн залуус нэгнээ уруу татаж өвс татсан гэх мэдээллүүд гарах болсон. Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

-Сүүлийн өдрүүдэд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой ямар хэргүүд гарав?

-Уржигдар мансуурсан хүн байна гэх мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад 16 настай Э гэгч нь мансуурч байсныг нь таслан зогсоож, ногоон өвс маягийн зүйлийг хураан авсан. Одоогоор шинжилгээнд өгсөн. Өнгөрсөн долоо хоногт мөн зочид буудалд дөрвөн залуу мансуурсан байдалтай байсныг нь цагдаагийн байгууллага илрүүлсэн. Тухайн хүмүүсээс цэнхэр ууттай өвс, гаанс хэлбэрийн сав зэргийг хураан авч шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Бас 16 настай хүүхэд машин дотроо найзуудтайгаа мансуурч байсныг илрүүлэн шалгаж байна.

Өчигдөр бас иймэрхүү хэрэг илэрсэн гэсэн?

СБД-ийн 13-р хорооны иргэн 38 настай эмэгтэй Г нь нөхөр БНХАУ-н иргэн 31 настай Ш-н хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сумаас “Дэрэвгэр Жирэвгэрүү” гэх нэртэй өвслөг ургамал худалдан авч хадгалж байсныг битүүмжилж, хэргийг СБД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

-Өнгөрсөн онд хэчнээн хар тамхитай холбоотой хэрэг гарсан бэ?

-Өнгөрсөн оны хувьд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөхтэй холбоотой гэмт хэрэг 36 бүртгэгдсэн. Үүнээс 194 хүнийг холбогдогчоор шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.Энэ жил эхний найман сарын байдлаар 26 хэрэг бүртгэгдсэн байна. Одоогоор 21 иргэн холбогдогчоор нь шалгагдаад явж байна.

-Тэгэхээр мансууруулах бодис зарсан болох хэрэглэж байгаа хүмүүст тус тусад нь ямар хариуцлага оноодог бол?

-Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэг 192 дугаар зүйлд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалж, тээвэрлэж борлуулсан бол 5-8 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ.Мөн Монгол Улсын эрүүгийн хуульд зарим төрлийн гэмт хэрэгт насанд хүрээгүй хүүхдийг эрүүгийн хариуцлага тооцно гэж заасан байдаг.

-Яг ямар учраас хүүхдүүд мансууруулах төрлийн өвс, ургамал татаж байна. Энэ талаар судалгаа хийсэн байдаг уу?

-Сэтгэц мансуурлын бодист хүүхэд залуусыг уруу татахын тулд энэ бодисыг зарж борлуулж байгаа хүмүүс хүүхдүүдэд эхний ээлжинд ургамал, бэлдмэлээсээ үнэгүй өгч байна. Тэгээд тухайн бодист хамааралтай болсон үед нь үнээ нэмж ашиг олох арга хэрэглэдэг. Тэгэхээр хүүхэд залуустаа хандаж хэлэхэд, сэтгэц мансууруулах төрлийн бодисыг битгий хэрэглэ. Мансууруулах бодис нь хүний эрүүл мэнд, сэтгэцид муугаар нөлөөлдөг болох нь шинжлэх ухаанаар батлагдсан. Энэ бодисыг удаан хугацаагаар хэрэглэвэл бие махбодид дасал болж заавал хэрэглэх сэдлийг төрүүлдэг. Тэгэхээр биед нь зовиур илрэх үед нь өнөөх бодисыг хүмүүс өндөр үнээр зарж борлуулж эхэлдэг. Хар тамхинд донтох зовиур нь архи уугаад шартсан хүнээс арад дахин их зовлонтой байдаг гэсэн. Эрүүгийн цагдаагийн газраас бүх хууль бус үйл ажиллагаа явуулсан хүмүүсийг илрүүлэн шалгаж байгаа. Илрүүлсэн бүлэглэлүүд байгаа.

-Хэчнээн мансууруулах бодис зардаг бүлэглэлийг илрүүлэв?

-Өнгөрсөн жил 5-6 бүлэглэлийнхэнд эрүүгийн хэрэг үүсгээд Прокурорын байгууллагад шилжүүлсэн байгаа.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ