Хүн төрөлхтөн хавдрыг ялчихсан шүү дээ

Ингэж хэлмээр санагдаад болдоггүй ээ. Энэ бол зөвхөн миний санаа юм шүү. Эмч, сэтгүүлч, иргэний алиных нь ч талаас харсан тэр. Яагаад ингэж хэлэв гэдэг асуулт гарах байх л даа. Хорт хавдарт өртөө л бол өнгөрөө гэх үзэл наяад он хүртэл байсан юм.
"Тэдний тэр Цацраг туяа эмнэлэгт хэвтжээ. Ар гарийнхэн нь ажил явдалд нь бэлтгэж эхэлсэн гэнэ. Одоо ч босохгүй л дээ” хэмээн ярилцдаг байв. Тэр үеийн анагаах ухааны хөгжил, дэвшил тийм байсан биз.
Харин одоо өөр. Хавдрын эмчилгээнд бүхэл бүтэн эргэлт гарсан гэхэд хилсдэхгүй. Тэр дундаа мэс засалд. Хавдрыг таньдаг, мэдэрдэг мэс заслын хутга хүртэл бүтээсэн тухай мэдээ цацагдлаа. Хавдрын хагалгааны үед үсэрхийлсэн эс үлдчих гээд байдаг зовлон байжээ. Одоо айлтгүй болох нь ээ.
Дээрх хутга бүтээгдсэнээр хагалгааны үед хавдрын эсүүдийг хаана байгааг нь мэдэрч байх юм. Мэс засалчид удахгүй ийм “ухаалаг хутга” барина. Хагалгаа бүр ч төгс төгөлдөр болно доо. Английн эрдэмтдийн бүтээлийг гайхамшиг гэхээс яалтай.
Дэлхий даяар жилд хавдраар 12.6 сая хүн шинээр өвчилж, 7.6 сая нь нас бардаг гэсэн баримт харагдана. Манайд 4500-гаад хүн шинээр өртөж, 80 орчим хувь нь буюу 3000-гаад нь бурхны орноо оддог гэх. Үүнээс үзэхэд үхэл өндөртэй харагдах нь гарцаагүй.
Юунаас болоод тэр вэ гэж үү. Үнэнийг хэлэхэд хувь хүн бид өөрсдөө буруутайг нэн түрүүнд хэлмээр санагдана. Монголчуудын үхлийн шалтгааны хоёрт хорт хавдар зогсож байна. Энэ бол эдүгээх 10 жилийн энгээр гаргасан тоо гэдгийг дуулгах нь зөв байх. Бидэнд нэг засаршгүй дутагдал байгаа юм. Социализмын үед төр иргэнийхээ эрүүл мэндийг хамгаалдаг байсан тул хүмүүс өөрсдийгөө гаргуунд нь гаргасан тал бий. Зах зээлд шилжсэнээр өөрөө өөрийгөө өвчнөөс сэргийлэх болсон ч, өнөө урьдын муу зуршлаасаа салж чадсангүй. Эрүүл мэндийн даатгалд даатгуулж аваад л орхижээ.
Хавдар болон аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх гэдэгт суралцсангүй. Харин одоо л ухаан сууж эхэлж байх шиг. Үүнд, ХСҮТ, ХААН банк, МҮОНТ-ээс хамтран зохиодог “Хавдрын эсрэг аян” онцгой үүрэг гүйцэтгэснийг хэлэх хэрэгтэй.
Энэ удаагийнх гурав дахь нь ажээ. Өнгөрсөн хоёр аяны үед 40 мянга 600 гаруй хүнийг үзлэг, шинжилгээ, оношилгоо, эмчилгээнд хамруулжээ. Аяныхан өнгөрсөн сард Дорнодод ажиллахдаа умайн хүзүүний хорт хавдрыг үтрээгээр авах хагалгааг орон нутагт амжилттай хийсэн мэдээ гарлаа. Хавдрын цөөнгүй тохиолдол шинээр илрүүлжээ. Үүнийг амжилт гэхгүй юм бол өөр юуг амжилт гэх билээ.
Зөвхөн ингээд зогссонгүй. Хавдрыг эрт илрүүлэх, үзлэгт хамрагдах талаар олон нийтэд сургалт, сурталчилгаа хийсэн нь асар үр дүнтэй ажил болов. ХААН банк 500 салбарынхаа 1000 ажилтныг сайн дурын сургагч болгожээ. Тэд өнгөрсөн онд ганцхан өдөр ерөнхий боловсролын сургуулийн 50 мянган сурагчид хавдрын эсрэг сургалт, сурталчилгаа хийжээ. Энэ бол жинхэнэ бодит ажил юм.
Цаасан дээрх ажлыг бодит болгоно гэж үүнийг л хэлэх биз. Тэд цааш нь хэдэн хүнд дамжуулаа бол гээд бодохоор бага тоо биш ээ. Хавдартай тэмцэх гол ажил ерөөсөө л энэ. Миний ажигласан, ойр дотныхонд минь учирсан хоёр тохиолдол ихийг бодогдуулсныг уншигчидтайгаа хуваалцъя. Зөвшөөрөл аваагүй ч, намайг уучилна гэдэгт найднам. Учир нь бусдын тусын тулд хийж байгаа үйл шүү дээ.
Тэгээд ч баттай, буцах хаяг, буух эзэнтэй баримт хэрэгтэй ш дээ. Баянгол дүүргийн 17 хорооны 36 А байранд оршин суугч Н.Нансалмаа бол миний 10 жилийн анд Ч.Баярсайханы гэргий бүлгээ. Тухайн үеийн Жуулчны баазад ажиллаж байхад буюу 10 гаруй жилийн өмнө умайн хүзүүний хорт хавдартай болсон нь тогтоогдож билээ. Байгууллага нь ажилчдаа эрүүл мэндийн үзлэгт хамруулсан байгаа юм. Азтай шүү.
Хагалгаа амжилттай болж, одоо ач, зээгээ тойруулаад аж төрж сууна даа. Байгууллага нь хэрэв тэгээгүй бол гэсэн бодол надад үе үе төрдөг юм. Мөн миний эрхэм анд “Өдрийн сонин”-ы Ерөнхий эрхлэгчийн зөвлөх, сэтгүүлч Ж.Гангаа хэдэн жилийн өмнө ходоодны хорт хавдартай болов.
Ахан дүүс нь гадагшаа явж эмчлүүлэхийг зөвлөсөн ч, анд минь зүтгэсээр байгаад эх орондоо хагалгаа хийлгэсэн дээ. Амжилттай болсон шүү. Одоо ажлаа хийгээд л гүйж явна. Урт насалнаа миний найз. Манай эмч нарын авьяас, мэдлэг, ур чадвар ч эндээс мэдэгддэг бөлгөө. Сонин нь мань хүн өөрөө үзлэгт орсонд оршино. Энэ хоёр тохиолдлоос юу харагдана вэ.
Нэг нь байгууллагынхаа, нөгөө нь өөрийнхөө саналаар урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо, эмчилгээнд хамрагдаж шүү дээ. Тэгээд үүсэн буй хорт хавдрыг эрт илрүүлчихгүй юу. Амжилтын нууц их энгийн, бараг ядах цөхөх юмгүй байгаа биз дээ.
Энэ хоёр шиг байж чадвал хавдраас айх зүйл үнэндээ алга. Эхний үед нь илүүлээд мэс заслаар төгс эмчлээд явах нь байна. Үүнийг би “Хүн төрөлхтөн хавдрыг ялчихсан шүү дээ” гээд байгаа юм. Харин бид нийтээрээ дээрх бодит жишээнд гарсан байгууллага, иргэн хоёр шиг байж чадахгүй байна л даа.
Алдаа, эндэл энд л байгаа хэрэг. Хэт хоцорч эмнэлэгт ханддагийг л болиулах хэрэгтэй. Үзэг нэгт нөхөд минь бидний оролцоо, үүрэг ч багагүй шүү. Хавдрын эсрэг бүх нийтээрээ босох цаг болжээ. “Чиний хувь заяа чиний гарт” гэсэн ардын сайхан үг буй. Тиймээ, бидний хувь тавилан бидний гарт л байж таарна.
Эмч, сэтгүүлч Г.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ