С.Гантуяагийн эцсийн шатны шүүх хурал өнөөдөр болно

"Оюутолгой" компаниас хууль бусаар халагдсан гэж зарга үүсгэсэн С.Гантуяа хоёр ч шатны шүүхэд тус компанийг ялаад байгаа билээ. Анхан болон нийслэлийн шүүхээс Оюутолгой компанийн буруутай гэдгийг нотлоод байгаа. Харин Оюутолгой компанийн зүгээс С.Гантуягийн эсрэг дээд шатны шүүхэд давж заалдсан юм. Тэгвэл тус шүүх хурал өнөөдөр болох аж.
С.Гантуяа “Оюутолгой” компани нь монгол ажилчдыг ялгаварлан гадуурхаж, гадаад ажилчдад илүү цалин өгдөг гэж мэдэгдсэнийхээ төлөө өнгөрсөн хавар ажлаасаа халагдсанюм. Тэрбээр энэ талаар ярихдаа "Монголын шүүх шударга байж энэхүү маргааныг хуулийн дагуу шийдэж байгаа. Ажилдаа буцаж орж Оюутолгойн удирдлагад үйлчилдэг Оюутолгойн Үйлдвэрчний эвлэлийг монгол ажилчдын төлөө ажиллуулдаг болгоно. Мөн өнөөдрийг хүртэл миний ажилгүй байсан хугацааны цалин бодогдож байгаа. Би түүнийг өөрийн төрсөн нутгийнхаа хүүхэд багачуудыг сурч хүмүүжихэд нь зориулж цэцэрлэгт 100 хувь хандивлана" гэж хэлж байсан. Өнөөдрийн шүүххурлаар тус хэргийг эцэслэн шийдвэрлэх юм. Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ