Хөнгөлөлттэй олгодог эмийн нэр нь өөрчлөгджээ

Хөгшчүүл их хэрэглэдэг энап гэдэг даралтыy эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтаас хассан байна хэмээх яриа гарах болов. Энэ эм Эрүүл мэндийн даатгалын сангаас олгодог хөнгөлөлттэй эмийн жагсаалтад байдаг аж.
Энэ талаар НДЕГ-ын Эрүүл мэндийн даатгалын газрын дарга Р.Наранчимэгтэй холбогдож тодруулахад: “Хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтаас нэг ч эмийг хасаагүй. Олон улсынхаа нэршлээр л бичдэг болсон. Харин ч энэ нь ахмадуудад амар боллоо. Хүмүүс амло-денк гээд яриад байдаг тэр эм нь амлодипин гэдэг нэршлээр л орсон гэсэн үг. Ер нь ахмадуудын ихэвчлэн хэрэглэдэг энап, амлодипин, ампициллин, ливомицин зэрэг эм бүгд хөнгөлөлттэй эмийн жагсаалтад багтсан байна. Мөн дээрээс нь нэмээд элэг хамгаалах, жирэмснээс сэргийлэх эмийг оруулж өгсөн” гэсэн юм.
Учир нь өнгөрсөн долдугаар сарын 31-нд Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн дарга С.Эрдэнийн тогтоолоор Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалтын нэршлийг өөрчилж, олон улсынх болгосон билээ. Уг тогтоол энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд үнийн хөнгөлөлт үзүүлэх жагсаалтад багтсан бүх эмийн нэрийг олон улсын нэршлээр нь бичжээ. Тухайлбал, халуун бууруулахад хэрэглэдэг парацетамол нь шахмал, лаа, сироп гэсэн хэлбэртэй юм байна. Харин жагсаалтад оруулахад олон улсын нэршлээр нь буюу парацетамол гэж бичжээ. Харин урьд нь парацетмол гэж бичээд ард нь панадол, Цефекон-Д зэрэг эмийн нэрийг бичжээ. Тодруулбал, панадол, Цефекон-д зэрэг ялгаагүй л парацетмолын орцтой юм байна. Мөн энап гэдэг эмний олон улсын нэршил нь эналаприл юм байна. Тиймээс иргэд жагсаалтын нэршил өөрчлөгдсөнийг эмнүүд нь хасагдсан байна хэмээн буруу ойлгоод байгаа аж. Иймд үнийн хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг олохыг хүсвэл Нийгмийн даатгалын ерөнхий газрын ndaatgal.mn сайтын “эрүүл мэнд” хэсгээс харж болох нь.
Дашрамд сонирхуулахад, 130 гаруй эмийн хөнгөлөлттэй үнээр олгодог бөгөөд эмийн үнийн хөнгөлөлт эм бүрт харилцан адилгүй байдаг байна. Үнийн хөнгөлөлтийг хувиар авч үзвэл хамгийн өндөр нь 93 хувиар, мөнгөн дүнгээр авч үзвэл 18000 төгрөгөөр хөнгөлөгддөг аж.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ