Зураасан зургийн үзэсгэлэн нээгдлээ

Өнөөдөр 17:00 цагт Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд Ө.Гандулам багш, графикийн залуу уран бүтээлчдийн “Зураас-13” үзэсгэлэн нээгдлээ. 2009 оноос эхэлж жил бүр зохион байгуулагдаж буй зураасан зургийн төрөлжсөн үзэсгэлэн нь энэ жил 4 дэх удаагаа үзэгч олондоо хүрч байна. “Зураас - 13” үзэсгэлэнд 140 шахам бүтээл дэлгэгдсэн нь дүрслэх урлагийн анхдагч бөгөөд том төрөл болох зураасан зургийн модон бар, хулдаасан бар, хуурай зүү, өндгөн бар, холимог техник, уран хайчилбар, дижитал арт, монотип, анимейшн, бэх, харандаа, пастель зураг зэрэг олон зүйл, арга ажиллагааг хамарч байна.

Улс орон зах зээлийн нийгэмд шилжих үед нэлээд зогсонги байдалд орсон энэхүү урлаг нь сүүлийн жилүүдэд олон салаа мөчрөөр идэвхтэй хөгжиж, нэн ялангуяа уламжлалт барлах янз бүрийн арга техникийг өвлүүлэх, цаг үеийн эрэлт хэрэгцээт үйлдвэрлэлийн графикийг уран сайхны өндөр түвшинд хүргэхэд СУИС-ийн ДУС-ийн зураасан зургийн анги, түүнийг удирдаж байгаа Ө.Гандулам багш ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байгааг тус үзэсгэлэн гэрчилж байна.

Номын чимэг зургаас эхлээд бурхны судар олшруулж байсан модон бар, улмаар цаг үеийнхээ чухал зорилтыг ухуулан таниулах зурагт хуудас гээд л зураасан зураг нийгмийн болоод улс төрийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Социалист нийгмийн Монголын урлагт зураасан зургийн бүхий л төрлүүдэд ижил түвшинд хөгжүүлэх үүднээс мэргэжлийн уран бүтээлчид бэлтгэх, захиалгаар бүтээх зэргээр ихээхэн анхаарч байсны үр дүнд олон арга ажиллагааг манай уран бүтээлчид эзэмшиж чадсан билээ. Гэвч цаг үеийн онцлогоос хамаарч нүсэр ажиллагаатай энэхүү урлагаас олон бүтээлчид хөндийрч, зураасан зургийн бүтээлүүд эрс цөөрснийг урлаг сонирхогчид мэдэх буй заа.

Тиймээс ч зураасан зургийн ач холбогдол, түүний өргөн боломжийг ч залуу үедээ эзэмшүүлэхийг ДУС чухал зорилтуудынхаа нэг болгосны үр дүнд сүүлийн жилүүдэд олон авьяаслаг залуус зураасан зургийн чиглэлээр бүтээх боллоо. Тус үзэсгэлэнд оролцогсод 16-28 насны залуучууд байгаа нь ч энэ салбар ихээхэн шинэчлэгдэж буйг илтгэж байна.

Б.Бурам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ