Г.Отгонцэцэг: Эр хүнийг арай өөр нүдээр харах болсон

“Хувьсал” продакшнаас гараагаа эхэлж, “Чамайгаа алдмааргүй байна” жүжгийн Сэцэнгийн дүрээр анх үзэгчдэд танил болсон УДЭТ-ын жүжигчин, МУСТА Г.Отгонцэцэгтэй уран бүтээл, хувийн амьдралынх нь талаар сонирхолтой яриа өрнүүллээ. Харцаараа дүрээ чадамгай илэрхийлдэг тэрбээр богино хугацаанд хэд хэдэн тайз, дэлгэцийн бүтээлд тоглож, чадварлаг жүжигчин болохоо харуулж, уран бүтээлийн олз омогтой яваа сайхан бүсгүй билээ.

-Жүжигчин Г.Отгонцэцэгээр сонин сайхан юу байна, ойрд хэвлэлд ярилцлага өгөөгүй байх?

-Танай сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. УДЭТ яг одоо тайзан дээрээ “Эцсийн зогсоол зөвхөн чи” хэмээх инээдмийн жүжиг тавихаар сургуулилтаа хийж байна. Жүжгийг манай театрын ерөнхий найруулагч, СТА Наранбаатар найруулж байгаа. Английн инээдмийн жүжгийн алдарт зохиолч Рей Куни, Ж.Чэпмэн нарын “Ор хөнжил ба ноёд хатагтай” зохиолоос сэдэвлэсэн. Энэ сарын 20-ны өдөр үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байна даа.

-Энэ жүжгээрээ юуг харуулахыг зорьсон бэ?

-Нэгэн гэр бүлийн амьдрал, эхнэр, нөхрийн хууралт гэх мэт өнөөдрийн нийгэмд амьдарч байгаа хүмүүсийн мэдэх энгийн зүйлийн тухай өгүүлэх боловч гүн агуулгатай. Манай нийгэмд гэр бүлийн салалт ихэссэн, мөн гэр бүлийн үнэ цэнэ үгүй болж байгааг, энэ нь нийгэмд ямар хор уршигтайг залуучуудад ойлгуулж энэ амьдралын эцсийн зогсоол нь зөвхөн гэр бүл гэдгийг мэдрүүлэх зорилгоор бүтээгдэж буй мэргэжлийн өндөр түвшинд хийгдэж байгаа чанартай уран бүтээл. Ерөнхийдөө хайрын тухай л жүжиг. Жүжгийн гол дүрд МУАЖ Сарантуяа, МУГЖ.Оюундарь, СТА Төмөрхуяг, СТА Цэрэнболд,СТА Л.Дэмидбаатар болон бусад залуу жүжигчид тоглож байгаа.

-Та энэ жүжигт ямар дүр бүтээж байгаа вэ?

-Миний хувьд хатагтай Вилконсон гэж эмэгтэйн дүрд тоглож байгаа. Урьд нь тэр болгон инээдмийн жүжигт тоглож байгаагүй. Анхны инээдмийн жүжиг юм уу даа.

-Саяхан нээлтээ хийсэн “Норовын намтар” жүжиг тоглож дууслаа. Жүжгийг хүүхдүүд хэрхэн хүлээж авав?

-Хүүхдэд зориулсан энэ жүжгийг найруулагч, СТА Түвшин найруулсан. Хүүхэд багачууд маш сайхан хүлээж авсан. Үзэх юм ихтэй, шинэлэг, содон жүжиг болсон. Манай театрын урын санд байх ёстой жүжгүүдийн нэг. Хүүхэлдэйнүүд өөрсдөө хөдлөөд, дуулаад, юм ярих нь хүүхдүүдэд их сонирхолтой санагдаж байх шиг байсан. PC тоглоомонд донтсон хүүхдийн тухай жүжиг л дээ. Үзсэн хүүхдүүд ямар нэг зүйл ойлгож, ухаарсан шинжтэй гарч ирж байсан.

-Жүжигчин хүн маш олон дүрд хувирч тоглож чаддаг. Хэцүү байх даа. Ялангуяа та дүрдээ их сайн орж, харцаараа тоглодог юм шиг санагддаг?

-Жүжигчин хүний гол үүрэг шүү дээ. Би жүжгэн дээрээ би биш л байх ёстой. Дүрдээ орохын тулд сэтгэл зүрх, үйл хөдлөл, дуу хоолой гээд бүхий л зүйлээ зориулдаг байх хэрэгтэй. Харц бол сэтгэлийн толь шүү дээ. Би өөрийгөө харцаараа тоглодог гэж хэлж чадахгүй. Үзэгчид мэдээж шүүж байдаг байх. Тухайн дүр дээр ажиллахдаа хэр зэрэг судалсан, хэрхэн мэдэрсэн тэрийгээ сэтгэл зүрхээрээилэрхийлж гаргахыг хичээдэг. Ер нь аливаа дүрд тоглохдоо би өөрийгөө мартаж чаддаг. Хэддүгээр зууны үеийн жүжигт тоглож байна, яг тэр үед байгаа юм шигээр мэдэрч тоглохыг хичээдэг. Миний мэргэжлийн хамгийн сайхан зүйл нь бүх цаг үеэр аялж чаддаг.

-Багадаа ямар охин байв аа. Яагаад жүжигчин мэргэжлийг сонгочихов?

-Маш их хөдөлгөөнтэй, сургуулийнхаа урлагийн үзлэг, нийгмийн ажил гээд л бүхийл үйл ажиллагаанд хамгийн идэвхтэй оролцдог хүүхэд байлаа. 62-р сургууль төгссөн. Дуулж, бүжиглэх, зураг зурах дуртай. Ямар ч байсан урлагийн хүн болно л гэж боддог байлаа. Тэгээд аравдугаар ангиа төгсдөг жил СУИС-д конкурсдэх гээд очиход Хөгжимт театрын жүжигчний анхны элсэлт авч байсан. Тэнд 200-аад хүүхэд 20-иод төрлөөр өрсөлдөх болсон. Нөгөөдөр нь шалгалт авах гээд байдаг. Би юу ч бэлдээгүй сандраад өмнөх төгсөгч нэг ахыг гуйгаад хүүхдийн урлан бүтээх төвийн хашаанд шөнөжингөө бэлдэж хонож байж билээ. Тэнд маш олон хүүхэд хоносон доо. Тэнд нэг дуу дуулаад, энд ч шүлэг уншаад, этьюд хийгээд СУИС-ийнхны ярьдагаар уяачид морь уяж байгаа аятай л юм болсон. Тэгээд ямар ч байсан эхний зургаад орж тэнцэж байлаа. Би энэ мэргэжлийг, энэ ангийг сонгосондоо маш их баярлаж, бахархдаг. СУИС-ийн багш У.Уртнасанд их баярлаж явдаг. Яагаад гэхээр СУИС-д хөгжимт драмын жүжигчний анги шинээр нээх санааг У.Уртнасан багш гаргасан юм билээ.

-Энэ мэргэжлийг сонгосондоо уур хүрч, шантарч байсан үе байгаа юу?

-Би чадахгүй, мэдэхгүй гэсэндээ хэзээ ч мэргэжлээсээ шантарч байгаагүй. Харин бүтээсэн дүрээс минь болж хүмүүс намайг ад үзэхэд би их шантарсан. “Орхидос” кинонд хойт ээжийн дүр бүтээснээс хойш намайг хүмүүс хаана ч явсан “Нөгөө муу хойт эх явж байна ” гээд л ярина, одоо ч хүртэл олон нийтийн газраар явахад нөгөө шулам явж байна гээд л их хэцүү л дээ. Үүнээс болж би сэтгэлээр унаж, шантарч байсан. Би яагаад хойт эхийн дүрд тоглочихов оо гэж бодогддог үе ч байсан, шантрах ч үе байсан.

-"Хувьсал" продакшнаас гарсанаа зөв алхам гэж боддог уу? Драмын театрын босго өндөр гэдэг. Танаас маш их чадвар шаардаж байгаа байх?
-Миний хувьд "Хувьсал" продакшнаас гарч УДЭТ-т орсон нь 100 хувь зөв шийдвэр гэж боддог. Яагаад гэвэл "Хувьсал" продакшн бол хувийн байгууллага болохоор мэргэжлийн гэхээс илүү шоу талдаа их анхаарч, мэргэжлийн, бүр хүнд хүнд драмуудыг тавьдаггүй. Драмын театрт орсноороо үе үеийн олон жүжигчдээс суралцаж, их зүйлийг өөртөө авч байгаа. Улсын байгууллага болохоор бүх төрлийн жүжгийг мэргэжлийн өндөр түвшинд тавьдаг учир жүжигчин их хөгждөг. Нэгэнт би жүжигчин гэдэг мэргэжлийг эзэмшээд үүгээрээ хоолоо олж идэх болохоор энэ мэргэжлийнхээ үр дүнг үзнэ гэж боддог.

-Урлагийн зам гэдэг хатуу, маш их тэвчээр шаарддаг салбар. Зарим юмаа золиослох шаардлага зайлшгүй гардаг гэдэг?

-Хүн амжилтанд хүрэхийн тулд ямар нэг зүйл золиосонд гаргадаг. Ялангуяа урлагийн эмэгтэйчүүдэд энэ замыг заавал тойрч биш дайрч өнгөрдөг. Би ч бас тойроогүй. Гэр бүл зохиох нас болсон ч хүнтэй суугаагүй, хүүхэд гаргаагүй явна. Гэтэл үеийнхэн маань бараг гурав дахь хүүхдээ гаргаж байх жишээтэй. Ингээд бодохоор би өөрийгөө золиосолж байгаа хэрэг. Үеийн найзууд маань хайртай хүнтэйгээ зугаалаад цагийг сайхан өнгөрөөж байхад би ажил гээд л явж байна. Яахав хааяа цаг зав гаргаж найз охидтойгоо аятайхан pub-д сууж амьд хөгжим сонсох дуртай. Боломжтой бол ажлаа зохицуулчихаад night club-т орж бүжиглэж стрессээ тайлах дуртай. Тиймэрхүү маягаар л залуу насыг өнгөрөөж байх шив дээ. Тэрнээс биш хайр дурлалыг нь одоо хүртэл мэдрээгүй л явж байна.

-Багадаа ч ийм эмэгтэйлэг, сайхан хувцасладаг байсан гэж сонссон?

-Олон эгчтэй болохоор эмэгтэйлэг чанар давамгайлсан охин байлаа. Бараг л пүүз өмсдөггүй. Биеийн тамирын хичээл дээр бэлтгэлийн хувцсаа өмсөж, багшийн нүдэнд харагдаж, ирцээ бүртгүүлчихээд, өсгийтэй гутлаа өмсчихдөг. Сагсны тэмцээнд ороход, бусад охид спортлог хувцас өмссөн байхад, би ганцаараа бие барьсан эмэгтэйлэг хувцастай. Одоо ч гэсэн эмэгтэйлэгзангаа тавиагүй, цаашид ч энэ хэвээрээ байх байх аа. Эмэгтэй хүн ямар ч хувцас өмссөн байсан өөрийгөө гоё л авч явдаг байх хэрэгтэй.

-Таниас ярилцлага авах гэж нэлээд хөөцөлдлөө. Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгслээс их харшилтай болсон юм шиг санагдлаа. Цөөнхөөр бас олонхыг дүгнэж болохгүй байх л даа?

-Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид их явцуу бодолтой юм шиг санагддаг. Сүүлийн үед бол өнгөц, хэнд ч хэрэггүй , хэнд ч хамаагүй зүйлийг хамаатай болгож бичих нь хэрээс хэтэрч байна. Үнэхээр инээдтэй санагддаг болсон. Бүгд тийм гэж хэлээгүй шүү. Мундаг сайн сэтгүүлчид олонх байгаатай санал нийлж байна. Гэтэл хэсэг бүлэг хүний мууд дуртай, чадваргүй сэтгүүлчдээс болж нийт сэтгүүлчдийн нэр хүнд унаж байна. Тэгээд гэр бүлтэй эмэгтэй хүн рүү халдаж бас бичиж чадахгүй байж гэр бүлгүй ганц бие яваа бүсгүйчүүдийг хэн дуртайтай нь холбох юм аа. Ямар ч ор үндэсгүй. Зүгээр нэг найзтайгаа хоолонд ороод гарахад л холбоод биччихэж байгаа юм даа. Энэ бол хийх юм аа олж ядсан сэтгүүлч нэр зүүж яваа өрөвдөлтэй хүмүүсийн аргаа явсан ажил.

-Хамгийн сүүлд таны талаар ямар худал мэдээлэл гарсан бэ, манай сайтаар дамжуулж залруулга хийх боломжтой шүү. Бид уншигчдад аль болох үнэн бодит мэдээлэл хүргэх үүднээс ярилцлага авч байгаа хүмүүстээ ийм боломж олгодог юм л даа?

“Factnews.mn” гэж мэдээллийн сайт байгаа. Миний тухай арай л дэндүү бичдэг.Манай хамт олон “Гэнэтийн бэлэг” жүжгээ нээгээд бөөнөөрөө “I loft” орж бүжиглэсэн. Тэнд би ганцаараа бүжиглээгүй, бүжгийн баг бүрэлдэхүүн бүгдээрээ л бүжиглэсэн. Гэтэл “Factnews.mn”-ийнхэн бас л баахан зураг дарчихсан, намайг “G” салоны Жагаатай холбож бичсэн. Бид хоёрын хооронд хүний урманд бичээд байгаа шиг нь ямар ч тийм харьцаа байхгүй. Зүгээр сайхан найзууд. Тэр хүний эхнэр нь хүртэл миний найз. Гэтэл тэр мэдээллийг нь уншсан хүмүүс бүгд намайг буруутгаж сэтгэгдэл үлдээсэн байсан. Ингэж болохгүй биз дээ. Жагаагийн гэр бүлд ч энэ мэдээллээс болж асуудал үүсч болохоор байна шүү дээ. Тэр бааранд болсон процесс юу вэ гэхээр би Жагаагаас ажлын хамт олондоо гоё дуу зориулмаар байна аа, сүүлийн үеийн ямар гоё дуу байна санал болгооч гэж чихэнд нь хэлсэн. Тэр их дуу чимээтэй газар чихэнд хэлэхгүй өөр яаж хэлэх байсан юм бэ. Тэгээд Жагаа утаснаасаа надад дууны нэр харж өгсөн. Би тэр нэрийг нь сайн сонсохгүй байсан болохоор Жагааг өөрөө очоод DJ-д нь дууныхаа нэрийг хэлээд өгөөч гээд гараас нь хөтлөөд явсан. Ийм л зүйл болсон. Зөвхөн өөрсдийнхөө төлөө хүний амьдралыг золиосолно гэж байж болох уу. Сүүлдээ би тэсэхээ байгаад утасдаад миний талаар сайн ч байсан, муу ч байсан битгий юм бич. Би ярилцлага өгмөөргүй байна гэж гуйсан. Гэтэл тэр даруйд нь л жүжигчин Отгонцэцэг өөрийгөө од гээд бодчихжээ, тэнгэрийн амьтан гэж бодсон бололтой, миний нэрээр хоолоо олж идлээ гэж манай сайтынхныг доромжилсон энэ тэр гээд биччихсэн байсан. Энэ мэтчилэн худал хуурмаг, үндэслэлгүй мэдээлэ маш их бичдэг“Factnews.mn” болон бусад хуурмаг мэдээлэл цацдаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болимоор юм.

-Нээрээ л хүний амьдралд том хар толбо болох байх?

-МУГЖ, манай театрын дуучин Сарантуяа эгч өдий хүртэл миний ганц бие явж байгаа нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдээс болсон гэж хэлсэн. Энэ үнэхээр үнэн. Яагаад зүв зүгээр ажлаа хийгээд, амьдарч байгаа хүнийг элдэв худлаагаар бичсээр байж, хүний амьдралаар тоглож байгаа юм бэ. Би буруу замаар будаа тээгээгүй, төрийг байгууллагад ажиллаад л, драмын урлагаа хөгжүүлэхийн төлөө ажиллаж, бусдын адил амьдрах гээд явж байна. Таван төгрөг илүү олчих юмсан гээд театрын уран бүтээлээсээ гадна кинонд тоглож, энд тэндэхийн арга хэмжээ хөтөлж, дуулж, давуу талаа ажиглаж, чадахаараа хөдөлмөрлөж байна. Ингэж хувийн амьдралыг минь онгичиж байснаас миний уран бүтээлийг сайн муу тоглосон эсэхийг нь шүүмжил л дээ.

-Гэр бүлийнхээ талаар яриач, сүүлийн үед хувийн амьдралдаа хэр анхаарч байна вэ?

-Аав, ээж, дүүтэйгээ амьдардаг. Би айлын одонгийн охин. Ах, эгч нар тусдаа гарсан. Сүүлийн үед хувийн амьдралдаа их анхаарч эхэлье гэсэн бодол байгаа. Урьд нь цаг хугацаа байна, хийж бүтээх зүйл их байна гэж хувийн амьдралаа хэтэрхий хойшоо тавиад байжээ. Одоохэн нэгнийг сонгоод үерхээд, дотноссон зүйл байхгүй ч хоёр жилийн хугацаанд ямар ч байсан найз залуутай болоод таньж мэдье гэж бодох болсон. Өмнө нь таван жилийн дараанаас найз залуутай болох эсэхийг бодож үзнэ гэж боддог байсан шүү. Одоо бодох цаг дууссан юм шиг байна/инээв/. Өмнө нь залуучууд эргүүлэхэд шууд цааш нь түлхдэг байсан. Гэтэл одоо тухайн хүнийг ямархуу хүн байна вэ, надад хань болох хүн мөн үү, биш үү, хэр амьдралын ухаантай бол гэдэг ч юм уу арай өөр өнцгөөс харах цаг болжээ.

-Ямархуу эр хүн таньд таалагддаг вэ?

-Амьдралын ухаантай, маш цэвэрч, эмэгтэй хүнийг хайрлаж, халамжилж, хүндэлж чаддаг, эрүүл чийрэг, миний мэргэжлийг ойлгодог тийм л эрэгтэй хүн таалагддаг даа. Бусад зүйл нь амьдралын явцад өөрчилж болох байх. Цаг хугацааны эрхээр нэг нэгэндээ уусч шингэнэ шүү дээ.

-Мэдээж тохь тухтай амьдралыг цогцлоохыг хүсдэг байх?
-Тэгэлгүй яахав. Хүүхэдтэй болоод хайртай хүнтэйгээ хамт сайхан амьдрахыг хүсдэг. Ялангуяа валентины баяр, хүүхдийн баяраар найзууд маань мэдээж хайртай хүнтэйгээ, гэр бүлээрээ тэмдэглэнэ. Тийм үед би ганцаараа байдаг. Ёстой асар их юм толгойд бодогдоно. Бага зэргийн гуниг төрнө. Гэлээ гээд яахав миний сонгосон зам ийм юм чинь.

-Хайрыг юутай зүйрлэх вэ?

-Хүн болгон хайрыг янз бүрээр ойлгож, тодорхойлдог. Харин хайранд тогтсон томъёо байдаггүй. Миний бодлоор хайр гэдэг хэнд ч үзэгдэж харагддаггүй соронз мэт таталцах хүч.

-Орчин үеийн залуус эд хөрөнгө харж, гэрлэж байна. Энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Ийм сонголт хийснээсээ болж залуус алддаг. Орчин үеийн залуус амьдралыг хялбараар төсөөлдөг болчихсон. Хүнийг хайрлахгүй атлаа хүнээр хайрлуулж, анхаарал тавиулах гэдэг. Гэхдээ ухамсартай залуус байгаа л даа. Амьдрал бол хязгааргүй баялаг ертөнц. Тиймээс ганцхан олдох амьдралдаа сайхан амьдрах хэрэгтэй. Ер нь гэр бүлтэй болж, амьдрал зохионо гэдэг тоглоом биш. Ямар ч тохиолдолд хайрүгүй бол амьдрал үгүй, амьдрал үгүй бол хайр үгүй шүү дээ.

-Ирээдүйд хэр сайн хань, ээж болох бол?

-Манай аав, ээж сайхан хоол хийдэг. Энэ талыг нь би дуурайсан. Ээж минь уян зөөлөн, ханьдаа, үр хүүхэддээ халамжтай, сайхан сэтгэлтэйхүн. Ээж шигээ сайхан хань, сайн ээж болно.Үргэлж гэр дүүрэн халуун дулаан уур амьсгал буцалж байдаг.

-Хэдэн хүүхэдтэй болно гэж боддог вэ?

-Доод тал нь дөрвөн хүүхэдтэй болно. Хүнд, хүн хэзээ ч илүүддэггүй. Манайх ам бүл олуулаа. Бие биедээ тус дэм болоод, өнөр гэр бүлтэй байх сайхан шүү дээ.

-Хүмүүс таныг жүжигчин бүсгүй гэдгээр л мэднэ. Та амьдрал дээрээ хэн бэ?

-Би шударга, илэн далангүй, хүнийг ялгаж харьцах дургүй. Хүнийг хүний ёсоор хүндэлж харилцах хэрэгтэй. “Хаантай ярихдаа энгүүн бай, харцтай ярихдаа элбэрэлтэй бай” гэсэн үг байдаг. Тиймээс хүн, хүнээрээ л байх ёстой. Сэтгэл зүрхгүй робот шиг байх ёсгүй.Бид адгуусан амьтнаас сэтгэл зүрхээрээ, хэл яриагаараа ойлголцдогоороо л ялгардаг. Тиймээс хүнийг хайрлаж, хүндэлж чадвал жинхэнэ хүн болж чадна гэж боддог.

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ, Ямар нэг зүйл цуглуулах хобби байгаа юу?

-Дэвүүр цуглуулдаг. Дэвүүр их олон янз шүү дээ. Азичууд л зөвхөн дэвүүр хэрэглэдэггүй, Европчууд ч бас их хэрэглэдэг. Тоолж үзээгүй юм байна. Хамгийн сүүлд “Гэрэлт гинжийн дурлал” гээд Японы алдарт романаас сэдэвлэж бүтээсэн “Эсрэг дурлал” жүжгийн үеэр Японы элчин сайдын яамнаас маш гоёмсог зурагтай дэвүүр бэлэглэсэн. Нэлээд олон байгаа шүү. Бас эмэгтэй хүн юм болохоороо ээмэг зүүлт, аксесуар их цуглуулна. Эмэгтэй хүнд бас нэг чухал зүйл бол дотуур хувцас. Эмэгтэй хүн л болсон хойно эр нөхөр, найз залуугийнхаа дэргэд гоё дотуур хувцастай байх хэрэгтэй шүү дээ.

-Хүүхнүүд жин нэмэхээс их айдаг. Хоолоо хасаад л янз бүрээр үздэг. Та яаж биеийнхээ галбирыг хадгалдаг вэ, бас гоо сайхандаа хэр их анхаардаг вэ?

-Эмэгтэй хүн гоо сайхан, арьс арчилгаа, бие хаандаа их анхаарч байх хэрэгтэй. Бид нарын хувьд ажил ихтэй болохоор тэр бүр анхаарал тавиад байх нь бага. Гэхдээ боломжийнхоо хэрээр анхааралгүй яахав. Мэдээж урлагийн хүн жин нэмэхгүй байхыг боддог. Гэхдээ би хоолны дэглэм барьдаггүй. Дуртай амттан, хүссэн хоолоо иддэг. Тэрийгээ би хэдэн цагт ч хамаагүй иддэг. Шөнө орой ажлаа тараад 2, 3 цагт ч хамаагүй өлсөж л байвал иддэг. Би их махсаг. Мах л идэхгүй бол би батерей нь дууссан утас шиг л болно шүү дээ. Ямар ч тэнхээгүй болчихдог. Хоолоо сойгоод эм тан уугаад байдаггүй. Фитнессээр хичээллэдэг ч ажлын онцлогоос болоод тогтмол хичээллэж чаддаггүй юм. Саунд сууна, массаж хийлгэнэ. Ер нь аль болох сайн унтаж амрах нь арьс хөгшрөлтөөс урьдчилан сэргийлдэг гэсэн. Нүүрэндээ үнэтэй гэхээсээ илүү гол нь өөрийн арьсанд тохирсон гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж байх нь зөв. Урьд нь хамаа намаагүй иддэг байхад яадаг ч үгүй байсан. Хүн нас нэмэх тусам илүү их хөдөлгөөнтэй байх нь гоо сайхнаа залуугаар нь хадгалах гол үндэс гэж боддог. Тийм болохоор их хөдөлгөөнтэй байхыг хичээх юм даа. Хөгширч биш, хөшиж үхнэ гэж үг байдаг даа.

-Та өглөөд дасгал хийдэг үү?

-Үгүй ээ. Өглөө лимонтой ус ч юм уу алоэ уугаад, ээжийнхээ гарын цайг ууна. Тэгээд л ажилдаа ирнэ. Ажил дээрээ их хөдөлгөөнтэй,байнгын жүжгийн бэлтгэл, сургуулилт, дуу бүжиг гээд л хөдлөх зүйл мундахгүй шүү.

-Их бүжиглэх дуртай байх аа?

-Дуртай. Оюутан байхдаа ангиараа нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглээд бөөнөөрөө клуб орж бүжиглэдэг байлаа. Сүүлийн үед бүр орохоо байжээ. Цаг зав нь таарвал тэмдэглэлт өдрүүдээрл найзуудтайгаа ордог болж.

-Сүүлийн үед кинонд тоглох санал ирсэн үү?

-Ирсэн. Гэхдээ манай театр их ачаалалтай байгаа болохоор кинонд тоглох бодолгүй байна. Хавар нэг комеди, инээдмийн төрлийн кинонд тоглосон. Нэрээ өөрчилнө гэж байсан. Өөрчилсөн үгүйг нь мэдээгүй байгаа болохоор хэлэх боломжгүй байна. Аравдугаар сард нээлтээ хийх байх аа.

-Эротик кинонд тоглох санал их ирдэг гэсэн. Үнэн үү?

Бас л хэвлэлүүдээр бичсэн элдэв мэдээллийн нэг л дээ. Тийм кинонд тоглох санал ирэх нь ирдэг. Гэхдээ тоглосон уу, үгүй юу гэдэг нь чухал. Би нэг ч тийм кинонд тоглоогүй. Гэтэл байнга тоглодог юм шиг бичээд байдаг юм. Бүр гайхмаар. Хэрвээ эротик дүрд тоглосон гэвэл одоо нээлтээ хийх гэж байгаа “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгийн дүр маань магадгүй эротик дүр байх. Их олон жилийн өмнө “Хотын сувд” гээд сэтгүүлийн эрхлэгчээр манай найз ажиллаж байсан юм. Тэгээд энэ сэтгүүл Монголд гарахгүй, Францад гарна гээд гуйгаад байхаар нь найзыгаа бодоод яалт ч үгүй нүцгэн зургаа авахуулчихсан. Гэтэл гурван жилийн дараа Монголд цацагдахад намайг хүмүүсийг дуурайгаад нүцгэллээ энэ тэр гэж ярьж эхэлсэн. Тэрнэс эротик дүрд тийм ч дурлаад байдаггүй.

-Тоглох бодол байгаа юу?

-Хэрвээ үнэхээр жүжигчний ур чадвар шаардсан, үнэхээр гоё дүр байвал яагаад болохгүй гэж. Түүнээс биш дурын нэг утга учиргүй эротик кинонд тоглох бодол байхгүй.

-Та эротик кинонд тоглоогүй юм бол яагаад таныг эротик кинонд байнга тоглодог мэтээр бичээд байдаг юм бол?

-Харин үүнийг л би их гайхдаг. Үнэнийг хэлэхэд надаас өөр жинхэнэ эротик кино болон жүжигт тоглосон эмэгтэй жүжигчин зөндөө олон байгаа. Надад биш тэдэнд л эротик нэр өгмөөр юм.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ