Зургадугаар сараас өмнө нийслэлийн харьяат болсон иргэнд газар өмчлүүлнэ

Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбогдуулан нийслэлд шинээр газар олгох ажлыг түр хугацаагаар зогсоох захирамжийг хотын мээр өнгөрсөн онд гаргасан. Тэгвэл уг ажлын хүрээнд нийслэлд шинээр сууршлийн 52 бүсийг тогтоосон бол иргэдэд өмчлүүлэх ажлыг ирэх жилээс зохион байгуулах аж. Юутай ч, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх, Багахангай зэрэг дүүрэгт иргэдэд шинээр газар өмчлүүлэх нь тодорхой боллоо. Гэхдээ зөвхөн Улаанбаатар хотын харьяат буюу 2013 оны тавдугаар сарын 30-ны өдрөөс өмнө нийслэлийн харьяат болсон иргэд ийнхүү шинээр газар өмчилж авах эрх нь нээгдэх юм. Эндээс харахад төр иргэдээ хот, хөдөөгийн гэж ялгаварлаж буй мэт харагдах боловч энэ нь цаанаа хэд хэдэн шалтгааныг агуулж байгаа юм. Учир нь нийслэлд газар өмчилж авсан иргэдийн дийлэнх нь хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд байдаг гэнэ. Үүнийг дагаад хөдөөнөөс нийслэлийг чиглэх шилжилт хөдөлгөөн улам эрчимжсэн. Тиймээс ийм арга хэмжээ авснаар уг хөдөлгөөнийг бууруулах талтай аж. Түүнчлэн орон сууцны иргэдийн олонхи нь газар өмчилж аваагүй тул энэ удаагийн арга хэмжээ нь эдгээрт түлхүү боломжийг нээж буйгаараа онцлого юм. Иймээс дээр заасан хугацаанаас өмнө нийслэлийн харьяат болсон иргэд шинээр сууршлийн 52 бүсэд газар өмчилж авах боломжтой. Харин энэ хугацаанаас хойш нийслэлийн иргэн болсон хүнд дахин шинээр сууршлийн бүс тогтоосон үед газар өмчилж авах эрх нь нээгдэнэ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ