“Ард түмний хүү” Л.Гүндалай тэднийхээ эсрэг бослоо

Энэ хорвоо этгээд хачнаар элбэг л дээ. Байгалийн хийгээд нийгмийн үзэгдлүүд ороомог хэлбэрээр мушгиралдан, дахин давтагдаж бас өөрчлөгдөж байдаг гэх. Харин хүний ухамсар, зан төлөв, ааш араншин, үзэл бодол нэг л төлөвшсөн бол дахин хүмүүжүүлэх боломжгүй гэдэг. Энэ нь миний биш мэргэдийн үг л дээ. Тэгтэл бас тийм биш ажээ. Одоо өгүүлэх үйл явдал үүнийг бараг гэрчлэх байх. Та бүхэн мартаагүй байх гэдэгт найднам. УИХ-ын эрхэм гишүүн, ЭМ-ийн сайд асан, Хөвсгөлийн унаган хүү, “хэт ардчилагч” хочтой Л.Гүндалайг. Гоё нэртэй, хүнлэг энэрэнгүй/эмч/ баймаар эл “товариш”, төрд алба хаших болсон мөчөөсөө карьераа дуусах хүртэл өөрийгөө “Ард түмний хүү” хэмээн цоллож явсан даа. Хэлсэн үг, хийсэн бүхэн нь зурагтын дэлгэц, радиогийн эфир, сонины хуудаснаас салдаггүй байсан шүү дээ.
Хаана л будилаан, самуун гарна, тэр л байж байдаггүй юу. Анхандаа ч “Ард түмний хүү” шиг байсаан. Тэгтэл тэр нь ердөө л баг байж. Баг багтаа бүр хоосон баг байсан нь одоо жинхэнэ тодорч байна даа. Бизнес сэтгэлгээтэй, наймаа эрхэлдэг энэ эр өнгөрсөн сонгуулиар нутаг нэгтэн, сонгогчдодоо жийгдэн, журмын нөхөддөө гологдон, хэзээ ч сэхэхгүйгээр бас босохгүйгээр унасан билээ. Нэг ёсондоо түүний улс төрийн ажил цэглэгдсэн гэхэд болно. Энэ нь түүнд ухаарал бус, эдгэшгүй их өс хонзон зүрхэнд нь тээлгэжээ. Сонгуульд хүчээ сорьж чадалгүй цэвэр тавиулсныхаа дарааүүнийгээ ч бараг өөрөө хэлчихсэн. “Би АН-д ихийг хийсэн. Адагт нь намайг авслав” гээд л гоншигоноод яваагүй юу. Арга нь алдагдаж, цөхрөнгөө барсан тэрбээр амьдрахын эрхэнд хүссэн ч, эс хүссэн ч бизнесээ үргэлжлүүлсэн юм. Арга эвийг нь олж байгаад ардчиллынхнаасаа Зайсан толгой орчим нэгэн газар авсан байдаг.
Барилга барихаас зүрхшээсэн тэр түүнийгээ “АПУ”-гийн хэмээх, одоо УИХ-ын эрхэм гишүүн болсон Б.Батхүүд зарчихжээ. Мөнгөн дүнг нь мэдэхгүй юм. Толгой эргэмээр юм гарна биз. Б.Батхүү түүнийг бодоход хөрөнгөтэй, сүйхээтэй болохоороо газар дээр нь орон сууц бариад авалгүй яах вэ. Ингээд айлууд оруулчихна биз дээ. Үүнд нь мань эр гэнэт хорсож л дээ. Тэгээд төрсөн ах Л.Баяндалай, түүний хүү Б.Одсүрэн нартай “Барбарис” төлөвлөгөө боловсруулжээ. Ингээд тэр хавийг ёстой түйвээж эхэлжээ. Тэрхүү их хорсол нь Б.Батхүүд биш, тус байранд амьдардаг жирийн иргэдэд маш хүндээр тусч байна. Энд өгүүлэгдэн буй барилга Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн хөшөө цогцолборын дэргэд орших бүлгээ.
Дээрх гурван нөхрийн ажил, өс авалт их хоржоонтой гэж байгаа. Тэндхийн “Мфикс капитал” ХХК-ийн орон сууцны хороолол, “Жи Ди энд Би” ХХК-ийн зочид буудлын цогцолбор, “Эм Си Эс” ХХК-ийн аялал жуулчлал, иргэн Г.Ганбаярын орон сууц, “Зайсан Максим” ХХК, “Хан бэлчир” ХХК-ийн барилгуудын дулааны шугамыг нь хүнд механизмаар хэдэн хэсэг болгон тасчин хаяжээ. Нөгөөдөр орон даяар дулаан өгөх гээд байдаг. Тэд лав энэ удаа дулаанд холбогдох боломжгүй болов. Аргаа барсан Б.Батхүү дүүргийнхээ шүүхэд ханджээ. Айж цэрвэсэн, ая эвийг нь олох гэсэн иргэд түүнд хандахад, ах Л.Баяндалай нь “Ална шүү, та нарыг” гэдэг үгтэй, Л.Гүндалай болохоор “УИХ-ын дарга З.Энхболд байхад та нар яах юм” гэсэн хэлтэй, их л сүржин амьтад явдаг болжээ. З.Энхболд даргаа энэ хүнээ жаахан ч гэсэн даруулгатай болгох арга байхгүй юу. “Ард түмний хүү” Л.Гүндалай ийнхүү тэднийхээ эсрэг бослоо. Бид цаашид баримтаар үргэлжлүүлэн хүргэнээ. Эхлэлийг нь тавихад л ийм байна.
М.Онон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ