Б.Цогтсайхан: Маш ховор, үнэтэй хагалгааг төлбөргүй хийлээ

Шастины нэрэмжит Гуравдугаар эмнэлгийн Зүрх, судасны тасагт Монголд анх удаа маш ховор хагалгаа хийснийг сонсоод эмчлүүлэгчийг эрэн байж, олж уулзав.
-Сайхан намаржиж байна уу. Бие лагшин тунгалаг уу?
-Сайхан намаржиж байна аа. Лагшин гэнэт чилээрхээд, алтан гарт эмнэлгийнхний буянаар амьд үлдэх шив дээ.
-Таныг хүнд хагалгаанд орсон гэж сонслоо. Яг юу болсон юм бэ?
-Өнгөрсөн сарын сүүлчээр үе үе зүрхээр өвдөх болсон. Гэнэт часхийх шиг болохоор нь өрхийн эмчийн заавраар эм авч уугаад яваад байлаа. Гэтэл даамжрах янзтай болоод ирэв.
-Тэгээд?
-Тэгээд 16 дугаар төвд хандлаа. Энэ сарын 06-ны өдөр байлаа. Баасан гариг. Зүрхний бичлэг хийлгэлээ. Дүүргийн эмнэлэгт оч гэв. Ингээд Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг рүү сажиллаа. Ерөөлтэй юм бас байдаг юм байна. Миний найз Зүүнхараагийн Хишигээ эхнэртэйгээ машинаа унаад явж таарав. Суугаад бодлоо. Дүүргийн эмнэлэг үү, Нэгдүгээр клиник үү гээд л. Гэнэт толгойд нэгэн бодол зурсхийв. Зүрх, судсанд Гуравдугаар эмнэлэг гаргуун гэж өмнө нь сонссон санагдав. Ингээд нөхрөө дайчлаад очлоо доо. Та хоёр ажлаа амжуулчихаад хүрээд ир. Би гялс үзүүлчихээд буцна. Хөөцөлдөх ажил их байна гэв. Тэр хоёр явж, би амбулаторид оров. Нандинцэцэг гэдэг эмч үзээд, дахин бичлэг хийв. Тэгээд бичлэг харснаа.
-Нэг л биш ээ. Өөр эмчид үзүүлье гээд Хүлээн авах тасгийн Одгэрэл гэдэг эмчийг дуудав. Тэр эмч үзээд, Лхагвасүрэн, Мөнгөн-Өлзий гэдэг эмч нарт үзүүлэв. Тэд үзээд, дурангаар шалгана, ар гэрийнхнээ дууд гэлээ. Ёстой л нэг биш санагдаад явчихсан шүү. Бүгд ирсэн. Энэ хооронд зүрхний ЭХО, бусад бүх шинжилгээ хийсэн байлаа. Хариу нь “Инфаркт сердца с тромбом” буюу “Цусны бүлэн бүхий зүрхний шигдээс” оноштой гарчээ.
-Ингээд л хагалгаанд орчихов уу?
-Тэгэлгүй яахав. Ийм оноштой зүрхний хагалгаа Монголд анх тохиолдсон нь над дээр таарчээ. Өртөг нь 5000 ам.доллар болох мэс заслыг маш ховор, анхных гээд, эмч нарт ч мэдлэгээ сориход хэрэгтэй байсан биз, надад төлбөргүй хийсэн дээ. Цусны бүлэн хайлуулах эмчилгээ голлож хийдэг юм билээ. Зургаан сар хяналтад байдаг гэсэн.
-Та азтай хүн юм. Ийм ховор тохиолдлын эзэн болох гэж?
-Тиймээ. Гэхдээ зүрхний биш нэг тохиолдолд саяхан бас тэнд мэс засал хийлгүүлсэн гэнэ билээ. Тромб буюу цусны бүлэн тархинд бас тохиолддог юм байна. Тийм хүнд анхны хагалгаа хийснээ эмч нар сонирхуулж байна лээ.
-Сүүлчийн асуултыг танд үлдээе?
-Юуны өмнө намайг эмчилсэн, эмчилэхэд гар бие оролцсон бүх хүнд баярласнаа хэлье. Нэрийг нь дурдах гэхээр хэтэрхий олон. Зарим нь орхигдчихож магад. Манайхан эмч нарыг сайн, муугаар янз бүрээр л хэлдэг бас ярьж, бичдэг. Яс юман дээр хөөрхийс минь хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ёстой борви бохисхийлгүй, нойр хоолоо умартан, бөхөлзөн гүйдгийг биеэр үзэв. Эмч, сувилагч, асрагч нарыг аль болох сайнаар хэлж байя л даа. Би л лав тэдэнд хир халдааж чадахгүй. Хагалгаа амжилттай болсонд тэгж байгаа юм биш. Тэдний үйлс тийм юм даа.
Г.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ