БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарын төрийн айлчлал өндөрлөлөө.

Айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны уулзалт, хэлэлцээ хийж, хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө. 

Төрийн тэргүүн нар “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, олон улс, бүс нутгийн тавцан дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг улам хөгжүүлэх зэрэг асуудлаар санал солилцож, “Монгол–Солонгосын бизнес форум”-ын нээлтэд оролцлоо.

БНСУ-ын төрийн тэргүүний түвшинд 15 жилийн дараа болсон төрийн энэ айлчлал ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагааны “Алтан үе”-ийн эхлэл болж буйг талууд нотоллоо.

Мөн улс төрийн харилцан итгэлцэл, “Стратегийн түншлэл”-ийг улам гүнзгийрүүлж, иргэд хоорондын найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал түлхэц боллоо.  

Хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойших 36 жилийн хугацаанд  найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй хөгжиж, өдгөө “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрснийг талууд өндөр үнэлж, улам өргөжүүлэхийн төлөөх “Хамтарсан тунхаглал” гаргалаа.

Айлчлалын хүрээнд талууд эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, соёл, спорт, аялал жуулчлал, тээвэр, логистик, геологи, чухал ашигт малтмал, хот байгуулалт зэрэг салбарт хамтран ажиллах тухай  Засгийн газар болон байгууллага хоорондын 21 баримт бичигт гарын үсэг зурлаа.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ