МИАТ “Өгөөдэй хаан” нэртэй хоёр дахь Boeing 737 MAX 8 онгоцоо хүлээн авлаа

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК парк шинэчлэлийн хүрээнд “Өгөөдэй хаан” нэртэй “Boeing 737 MAX 8” загварын шинэ агаарын хөлгөө өчигдөр /2026.11.24/ АНУ-ын Сиэтл хотод хүлээн авчээ.

Шинэ агаарын хөлгийг хүлээн авах ёслолд Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр болон иргэний нисэхийн салбарын удирдлагууд оролцсон байна. Мөн “Boeing” компанийн Арилжааны агаарын хөлгийн нэгжийн Зүүн хойд Ази хариуцсан дэд ерөнхийлөгч Жефф Эдвардс нар байлцжээ.

“Өгөөдэй хаан” нь МИАТ компанийн хоёр дахь “Boeing 737 MAX 8” загварын агаарын хөлөг юм. Тус компани ойрын болон дунд зайн нислэгт ашиглах уг онгоцоор Бээжин, Сөүл, Токио, Тайланд зэрэг чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөжээ. “Boeing 737 MAX 8” загварыг сонгохдоо нислэгийн сүлжээг өргөжүүлэх, зорчигчдын тав тухыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ түлшний хэмнэлт, эдийн засгийн үр ашгийг харгалзан үзсэн байна.

Шинэ хөлгийг хүлээлгэн өгөх ёслолын үеэр “Boeing” компанийн Дэлхийн борлуулалт, маркетинг хариуцсан дэд ерөнхийлөгч Брэд МакМаллен МИАТ компанийн 70 жилийн ойн үеэр шинэ агаарын хөлөг нийлүүлж буй нь парк шинэчлэлийн чухал алхам болохыг онцолжээ. Тэрбээр бүс нутгийн агаарын тээврийн эрэлт нэмэгдэж буй энэ үед шинэ онгоц МИАТ-ийн зорчигч тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлж, нислэгийн үр ашгийг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулна гэв. Мөн шинэ хөлгийг нийлүүлэхэд хамтран ажилласан “DAE” компанийн хамт олонд талархал илэрхийлж, МИАТ-ийн АНУ-ын чиглэлд алсын зайн нислэг үйлдэх зорилтыг дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энэ 7 хоногт Монгол Улсад
Уржигдар 07 цаг 43 мин

Энэ 7 хоногт Монгол Улсад
Уржигдар 07 цаг 43 мин