Монгол эмч нарын нэвтрүүлсэн мэс заслын арга олон улсад үнэлэгдэв

Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар ходоодны салстын доорх хавдрыг эмчлэх эрхтэн хадгалах шинэ төрлийн мэс заслын аргыг Монгол Улсад нэвтрүүлж, амжилттай хэрэгжүүлжээ. Тодруулбал, тус төвийн эмч Баттулгын Халиунаа тэргүүтэй Монголын эмч нар Японы судлаачтай хамтран 2022 оны арваннэгдүгээр сараас 2025 оны тавдугаар сарын хооронд ходоодны салстын доорх хавдартай 35 өвчтөнд хэвлийн болон уян дуран хосолсон LECS мэс засал хийсэн байна.

Энэхүү судалгааны үр дүнг олон улсын мэс заслын чиглэлийн “Journal of Minimally Invasive Surgery” сэтгүүлд хэвлүүлжээ.

Судалгааны үр дүнгээс үзэхэд, нийт 35 өвчтөнд хийсэн мэс засал нээлттэй хагалгаанд шилжилгүйгээр амжилттай дуусаж, хавдрыг эрүүл эдийн захтай нь бүрэн авсан байна. Мөн мэс заслын дараах ноцтой хүндрэл гараагүй бөгөөд дунджаар 17.8 сарын хяналтын хугацаанд хавдар дахих, давтан мэс засал хийлгэх, эмнэлэгт дахин хэвтэх тохиолдол бүртгэгдээгүй аж.

Өвчтөнүүдийн дундаж нас 55 байсан бол 60 хувь нь эмэгтэй байжээ. Харин хавдрын дундаж хэмжээ 27 миллиметр байсан бөгөөд эд, эсийн шинжилгээгээр нийт хавдрын 65.7 хувь нь ходоод-гэдэсний стромал хавдар (GIST) болох нь тогтоогдсон байна.

LECS буюу хэвлийн болон уян дурангийн хосолсон мэс засал нь ходоодны хавдрыг бага хөнөөлтэй аргаар авч, эрхтний үйл ажиллагааг аль болох хадгалах давуу талтай арга юм.

Уг аргыг Зүүн Азийн томоохон эмнэлгүүдэд өргөн ашигладаг ч Монгол Улсад нэвтрүүлсэн анхны туршлагын судалгаа ийнхүү олон улсын сэтгүүлд нийтлэгджээ.

Судлаачдын дүгнэснээр, сонгогдсон ходоодны салстын доорх хавдрын үед LECS мэс засал нь аюулгүй, үр дүнтэй бөгөөд эрхтэн хадгалах эмчилгээний боломжит сонголт болохыг Монголын эмч нарын анхны туршлага харуулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ