Мөнгө ер нь юу юм бэ

Орон сууцанд амьдардаг хүмүүс хашаа байшинтай нэгнийг хараад их л өрөвдөцгөөх нь ажиглагддаг. Тэгтэл хашаа байшинд амьдардаг хүмүүс өөрсдийгөө тэгж их зовж зүдэрч байна гэж боддог болов уу. Үгүй байх аа. Харин орон сууцанд амьдарч үзчихээд эргээд хашаа байшиндаа амьдарвал тэгж бодож магадгүй. Уул нь зүгээр хашаа байшиндаа амьдарч байсан бол ингэж өөрийнхөө амьдралыг голж зовж шаналах явдал гарахгүй шүү дээ.

Хүн бүр аз жаргал сайн сайхныг эрж хайдаг ч хэрвээ тухайн аз жаргалаа эд зүйлс материаллаг зүйлсээс хайх юм бол энэ нь түүнд аз жаргал битгий хэл зовлонгийн үүрийг авчирдаг. Учир нь хүний шунал гэдэг услах тусам хатаж ширгэх тариан талбайнаас өөрцгүй бөгөөд тэр хэмжээ хязгааргүй шунал бодит байдалтай үргэлж зөрчилдөж байдаг. Мэдээж өөрийнхөө хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө дуртай зүйлсээ худалдан авч, гоё ганган хувцас өмсөж, үнэтэй утас барин хараа дээгүүр сэтгэл бардам амьдрах сайхан л даа.

Ийм тансаг амьдралаа бататгахын тулд өндөр боловсрол эзэмшин сайн ажилд орж бүх насаараа санхүүгийн эрх хүрч чадвал бүр сайн. Тэгтэл ингэснээр аз жаргалд хүрч чадна гэж үү. Мөнгөөр дутагдсандаа биш мөнгөнд хахсандаа амиа хорлогчид олон. Уул нь маш харьцангуй ойлголт юм л даа. Зарим нь тохилог орон сууцаа хувийн эдлэн газраар сольж чадахгүйдээ шаналж суухад харин зарим нь энэ хотын захад ч болтугай хашаа байшин олдсонд нь баярлаж хөл нь газар хүрэхгүй элдэв хадаас банз цуглуулан гүйх жишээтэй.

Хөдөөний мал хариулдаг эгчдээ АНУ-д амьдардаг дүү нь LV-ийн цүнх бэлэглэвэл цаадах нь аягүй бол цагаан сараар тааралдсан нэгэндээ бариад өгчихнө дөө. Аз жаргал гэдэг оюун санаанаас үүдэлтэй. Сэтгэлийн хамгийн дээд таашаал сэтгэлээс л ирдэг. Үүнтэй ижил сэтгэлийн хариуд сэтгэл ирдэг. Үүний эсрэг “Ахуй анхдагч” гэдэг үг байдаг. Эхлээд идэх хоолтой болчих дараа нь гүн ухаан ярь гэсэн үг л дээ. Тодруулбал хүн юуны түрүүнд амьдралын тулгуур болох гурван төрлийн хэрэгцээг хангасан байх ёстой байдаг. Үүнд идэх хоол, өмсөх хувцас, орогнох байр орно. Үнэхээр энэ гурван хэрэгцээ хангагдаагүй тохиолдолд оюунлаг амьдрал, гүн ухаан ярих нь дэмий зүйл юм. Харамсалтай нь хүмүүс эдгээр хэрэгцээгээ хангасны дараа орон байраа яаж сайжруулах вэ, яавал илүү сайхан хувцас өмсөх вэ, ямар хоол илүү гоё вэ гэдгээ түрүүлж бодохоос биш, би хэн бэ, яах гэж ирсэн бэ, юуны төлөө ирсэн бэ, юу надад илүү үнэ цэнэтэй вэ, миний зорилго юу вэ, яавал бусдын гаргасан мөрөөр явах биш өөрөө амьдралынхаа эзэн нь байх вэ гэдгийг огтхон ч боддоггүй. Тиймээс хүн та битгийн санаа зов !!! Учир нь хорвоо өөрөө хэтэрхий тэгш шудрага юм. Баян тансаг, эрх мэдэлтнүүд нь жаргаад, ядуу зүдүү нь зовоод байгаа юм огтхон ч биш. Мөнгө нь ихдэж шуналандаа живэн зовж тарчлан байгаа баян авгай, мөнгөөр гачигдаж дутагдсандаа өлсөж ядарч яваа залуу бүсгүйн зовлон угтаа нэг л зүйл юм. Хамгийн жаргалтай харагдах хүн хэрэг дээрээ хамгийн зовлонтой байх нь бий. Хүний хууль үйлчлэхгүй байж болно. Харин байгалийн хууль бүхнийг маш шудрага шүүдэг. Үүнд эргэлзэх хэрэггүй.

Ямар ч зүйлийг байгаа мөн чанараар нь л харах хэрэгтэй. Хувцасны мөн чанар уул нь хүнийг хүйтэнд хөлдөж үхэхээс хамгаалах л юм шүү дээ. Үүнээс жаахан цаашилбал нүцгэн биеийг халхлах, бүүр цааш нь моод гангараа болох жишээтэй. Мотортой, дөрвөн дугуйтай хүн тээвэрлэж болж л байвал энэ чинь уул нь машин мөн биз дээ. Яг үүнтэй ижил мөнгө гэдэг бол хүнийг сайхан амьдрахад зориулагдсан нэгэн төрлийн хэрэглээ юм. Гэтэл энэ гаргалгаа эсрэгээрээ ажиллаад байх шиг. Хүн мөнгөөр гачигдаад байгаа юм биш дээ. Хүн шуналдаа идэгдчихээд байгаа юм. Хүн байгаагаа голж байхгүйдээ шаналдаг. Шаналсандаа юу ч хийдэггүй. Үүндээ гутраад ууна, уухаараа өөрийгөө өрөвдөнө. Өрөвдөх тусам улам өрөвдөлтэй болно. Тэгээд солиорно. Дараа нь бүгд шар хадны эмнэлэгт ирж хэдэн эмч нарыг зовооно. Зовооно ч гэж дээ ажилтай болгоно. Амьдрал ч шоглоомтой доо. Хүн өвдөхгүй бол эмч нар ажилгүй, хэрэг гарахгүй бол цагдаа нар хоолгүй. Гэхдээ бүгд ард түмний төлөө нэр зүүсэн цагаан гартнууд.

Харин мөнгөний тал дээр миний дүгнэлт ийм байна. Амьдрах овоохойтой, өмсөх хувцастай, идэх хоолтой, энэ гурван хэрэгцээгээ бүрэн хангах чадвартай болчихвол тэгээд л жарга. Яаж гэж үү. Сонин байгаа биз. Хамгийн хэцүүг нь шийдчихээд амарханд нь бүдэрчихдэг.

Б.Цовоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ