Э.Долгион Ё.Отгонбаярын 50 мянган ам.долларын хахууль авсныг илчиллээ

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярт холбогдох авлигын хэргийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байгаа. Түүнийг хоёр жилийн өмнө Налайх дүүргийн харьяат, “Тавин лан” компанийн захирал Х.Цогнойжамцыг дарамтлан “Ланд круйзер-200” маркийн автомашиныг нь дээрэмдэж, хахууль авахыг завдсан хэрэгт буруутган шалгаж байгаа юм. Харин түүний эхнэр О.Эрдэнэсолонгыг дөрвөн банкин дахь өөрийн эзэмшлийн 21-н дансаараа дамжуулан угаасан байж болзошгүй хэрэгт буруутган шалгаж байгаа билээ. Тэгвэл мөрдөн байцаалтын явцад “Тавин лан” компанийн захирал Х.Цогнойжамцаас авлига нэхэж дарамтлан, машиныг нь булаасан зэрэг үйлдлээс гадна бусдаас хээл хахууль авсан хэрэг дахин илэрчээ. Тодруулбал, түүний хэрэгт шалгагдаж буй “Блүүмберг” телевизийн хөтлөгч Э.Долгион Ё.Отгонбаярын авлигын хэргийг илчилсэн байна. Тэрбээр Ё.Отгонбаярыг сайдаар ажиллаж байх үед БСШУЯ-нд газрын дарга байсан юм. Тэд БСШУЯ-наас хэрэгжүүлсэн “Багш нарыг зөөврийн компьютерээр хангах хөтөлбөр”-ийн хүрээнд зарласан тендерийг сонгон шалгаруулахын тулд оролцогч компанийн төлөөллөөс онц их хэмжээний хахууль авсан хэмээн эх сурвалж мэдээлэв. Энэ нь гэрч, бусад холбогдогчийн мэдүүлгээр тогтоогджээ. Мөн БНХАУ-д сайд асан Ё.Отгонбаярыг ажлаар явах үед сонгон шалгаруулалтад оролцож байсан “Haier” компанийн төлөөлөгч нь 50 мянган ам.доллар дугтуйд хийж бэлэг болгож өгч байжээ. Гэвч тус компани тендерт ялж чадаагүй. "ZTE" гэх Хятадын компани шалгарсан аж. Харин энэ талаар Э.Долгион “Haier”-ийн төлөөлөгч 50 мянган ам.доллар бэлэглэсэн хэмээн мэдүүлж байв. Гэвч мэдүүлгээ өөрчилж, “Ё.Отгонбаяр сайдад надаар дамжуулан дугтуйтай зүйл өгсөн. Юу байсныг нь мэдээгүй” хэмээн мэдүүлж эхэлжээ. Юутай ч Ё.Отгонбаярын хэрэгт холбогдоод буй Э.Долгион түүний 50 мянган ам.долларын авилгын хэргийг илчлэв.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ